Нийслэлд 95 компанийн 106 орон сууцны төсөл хугацаандаа ашиглалтад ороогүй байна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны судалгаагаар нийслэлд 95 аж ахуйн нэгжийн хэрэгжүүлж буй 106 орон сууцны төсөл хугацаандаа ашиглалтад ороогүй байна. Үүнээс 37 төсөл барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр эхэлсэн бол 69 төсөл зөвшөөрөлтэй ч хугацаандаа дуусаагүй байна.
Эдгээр төслийн улмаас урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэд байртай болж чадахгүй олон жил хүлээх, түрээс болон банкны зээлээ давхар төлөх хүндрэлтэй нүүр тулж байна.
Асуудлыг шийдвэрлэх хүрээнд орон сууцны захиалгын гэрээнд урьдчилсан тэмдэглэгээ хийх замаар нэг байрыг хэд хэдэн хүнд давхар худалдах эрсдэлийг бууруулах, барилгын компаниудаас төслийн санхүүжилтийн эх үүсвэрээ нотлох шаардлага тавих зохицуулалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Мөн зөвшөөрөлгүй эхэлсэн 37 төслийн нөхцөл байдлыг судалж, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн үргэлжлүүлэх боломжийг авч үзэх юм. Гэхдээ төсөл бүр хууль, техникийн шаардлага хангасан эсэхийг шалгах шаардлагатайг холбогдох албаныхан онцолжээ.
Түүнчлэн 2028-2030 онд ашиглалтад оруулах боломжтой 36 мянган айлын дахин төлөвлөлтийн төслүүдэд 222.4 тэрбум төгрөгийн инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бөгөөд нийслэлээс 2027 оны төсвөөр эхний ээлжид 90 тэрбум төгрөг шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Б.Зул
www.BOLOD.mn