Эрүүл мэндийн даатгал төлсөн ч эмчилгээний зардлаа өөрөө дааж байна

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг иргэд сар бүр төлдөг ч өвдөж, эмнэлгийн тусламж авах шаардлагатай болоход даатгалдаа бүрэн найдаж чадахгүй байна. Шинжилгээ, оношилгоонд удаан хугацаагаар хүлээх, хувийн эмнэлэгт хандаж нэмэлт төлбөр төлөх нь олон хүний хувьд танил асуудал болжээ.
Эрүүл мэндийн даатгалын сангаас 640 гаруй нэр төрлийн оношийн бүлэг, тусламж үйлчилгэний зардлыг хариуцахаар зохицуулсан бөгөөд аравдугаар сард гэрээт эмнэлгүүдэд 111.7 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилт олгосон байна. Гэвч санхүүжилтийн хэмжээ, үйлчилгээний жагсаалт нэмэгдсэнээр иргэдийн хүртээмж бодитоор сайжирч байгаа нь үгүй.
Эмнэлгийн ачаалал, тоног төхөөрөмж, хүний нөөц, санхүүжилтийн хүрэлцээ зэрэг асуудлыг шалтгаан болгон тайлбарлаж болох ч шимтгэлээ төлсөн иргэн шаардлагатай үйлчилгээгээ авч чадахгүй, эмчилгээний зардлаа халааснаасаа гаргасаар байгаа нь тогтолцооны үр өгөөж муу байгааг харуулж байна.
Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт ямар хэмжээнд хүрсэн бэ гэдэг тооноос илүүтэй тэр мөнгөөр иргэд ямар үйлчилгээ авч чадаж байгааг харах нь чухал. Шимтгэлээ сар бүр төлдөг ч шаардлагатай шинжилгээндээ орж чадахгүй, эмчилгээний зардлаа өөрөө гаргах тохиолдол байсаар байгаа нь даатгалын тогтолцооны хэрэгжилтэд асуудал байна гэсэн үг. Иргэдийн төлсөн мөнгө эмнэлгийн үүдэнд тулгардаг бодит бэрхшээлийг шийдэхэд бодитоор хүрч чадаж байна уу гэдэгт анхаарах шаардлагатай.
П.Самдан
www.BOLOD.mn
www.BOLOD.mn