Хуучин барилгуудаа дуусгаагүй байж шинэ музейд 35.3 тэрбум төгрөг төсөвлөжээ


Соёлын салбарын барилгууд ашиглалтад орохдоо удаан ч төсөв нь өсөхдөө тун шуурхай аж. 2027 оны улсын төсөвт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам 821 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсний дотор олон жил гацсан театр, музейн барилгуудад дахин хэдэн арван тэрбум төгрөг суулгажээ. Гэтэл шинээр барих музейн төсөв ч бүтнээрээ багтсан байна.
Дундговь аймгийн “Төв халх” дуулалт жүжгийн театрын барилгын ажил 2012 онд эхэлсэн. Анх 6.8 тэрбум төгрөгөөр тооцсон өртөг нь өнөөдөр 32.9 тэрбум болж өсжээ. Арван таван жилийн нүүр үзсэн энэ барилгад ирэх онд дахин 11.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Барилгын ажил дуусаагүй байхад төсөв нь бараг тав дахин нэмэгдсэн нь төлөвлөлт, санхүүжилт, хяналтын аль шатанд алдаа гарсныг асуухаас аргагүйд хүргэнэ.
Байгалийн түүхийн музейн шинэ барилгын төсөв ч анх 94.4 тэрбум төгрөг байснаа 225 тэрбум болж өссөн бөгөөд 2027 онд 63 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар тусгажээ. Харин Төв аймгийн Зуунмод суманд барих археологи, палеонтологи, угсаатны зүйн музейн төсөв 18 тэрбумаас 29 тэрбум болж нэмэгдсэн ч барилга нь төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад ороогүй хэвээр байна.
Эдгээр барилгын ажил яагаад олон жил сунжирч, өртөг нь яагаад нэмэгдсэнийг тодорхой болгож амжаагүй байхад Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд шинээр барих Угсаатны зүйн музейд 35.3 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт бүтнээр нь суулгажээ.
Шинэ музей, театр барьж болох ч эхэлсэн ажлаа дуусгаж чадахгүй, төсөв нь жилээс жилд өсөж байгаа нөхцөлд шинээр төсөл эхлүүлэхийн өмнө өмнөх хөрөнгө оруулалтаа хэрхэн үр дүнд хүргэхээ тайлбарлах хэрэгтэй.

П.Самдан
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen