THIESS компани Монголд 5 жилийн хугацаатай хоёр том гэрээ байгууллаа
ОЮУТОЛГОЙД 110 ГАРУЙ ШИНЭ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО
Thiess компани “Хишиг Арвин”-тай хамтарсан Thiess-Khishig Arvin Joint Venture (TKAJV) компанийн хүрээнд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, малталт, газрын бэхэлгээ болон блокчлон нураах аргаар олборлох уурхайн дэд бүтцийн ажлыг гүйцэтгэнэ.
• Ойрын саруудад 110 гаруй шинэ ажлын байр бий болгохоор төлөвлөжээ.
• Гэрээний хугацааны эцэст ажиллах хүчний тоо 800 орчимд хүрэх тооцоотой байна.
• Оюутолгой дахь энэхүү ажил нь Thiess компанийн дэлхий даяар хэрэгжүүлж буй хамгийн том далд уурхайн үйл ажиллагаа болох аж.
Thiess компани Оюутолгойд 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа юм.
УХАА ХУДАГТ НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН МЕНЕЖМЕНТ ХАРИУЦНА
Хоёр дахь гэрээний хүрээнд тус компани “Energy Resources” компанийн Ухаа худаг дахь нүүрс баяжуулах үйлдвэрийн хөрөнгийн менежмент, техникийн дэмжлэг, нийлүүлэлтийн сүлжээ болон үйл ажиллагааны төлөвлөлтийг хариуцан ажиллана.
Энэхүү гэрээ нь үйлдвэрийн найдвартай, үр ашигтай ажиллагааг дэмжихэд чиглэж байна.
МОНГОЛЫН УУЛ УУРХАЙД УРТ ХУГАЦААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛНЭ
Thiess компани Монгол Улсад 2007 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд уул уурхайн олборлолт, бүтээн байгуулалт, техник үйлчилгээний чиглэлээр олон төсөл хэрэгжүүлжээ.
Тус компанийн удирдлагуудын мэдээлснээр, шинээр байгуулсан гэрээнүүд нь Монгол дахь урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ орон нутгийн ажиллах хүч, мэргэжилтнүүдийн карьерын шинэ боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Таван жилийн хоёр гэрээний мөнгөн дүнг одоогоор олон нийтэд мэдээлээгүй байна.