Лула да Силва Бразилын Ерөнхийлөгчөөр дахин сонгогджээ

РИО-ДЕ-ЖАНЕЙРО, 2026 оны аравдугаар сарын 26 /TASS/. Бразилын одоогийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь үе шатанд ялж, төрийн тэргүүнээр улиран сонгогджээ. Тус улсын Сонгуулийн төв хорооны үүргийг гүйцэтгэдэг Сонгуулийн дээд шүүх санал хураалтын дүнгийн 97.69 хувийг нэгтгэсний дараа Лула да Силва ялсан нь тодорхой болж, үлдсэн саналыг тоолсон ч сонгуулийн үр дүн өөрчлөгдөх боломжгүй болсон байна.
Сонгуулийн байгууллагаас танилцуулсан албан ёсны мэдээллээр, зүүний үзэл баримтлалтай Хөдөлмөрчдийн намын дарга Лула да Силва сонгогчдын 51.74 хувийн саналыг авчээ. Харин түүний өрсөлдөгч, барууны үзэл баримтлалтай сөрөг хүчнээс нэр дэвшсэн сенатч Флавиу Болсонару 48.26 хувийн санал авсан бөгөөд саналын зөрүүг нөхөж, ялах боломжгүй болсон байна.
Ийнхүү Лула да Силва сонгуулийн эхний үе шатанд өрсөлдөгчөөсөө цөөн санал авсан хэдий ч хоёр дахь шатны санал хураалтад ялсан Бразилын орчин үеийн түүхэн дэх анхны улстөрч болжээ. Түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн шинэ хугацаа 2027 оны нэгдүгээр сарын 1-нд эхэлнэ.
Сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад сонгогчдын ирц 80.79 хувьтай гарч, нийт 127 807 732 иргэн саналаа өгчээ. Харин 30 381 854 сонгогч буюу 19.21 хувь нь санал хураалтад оролцоогүй байна. Нийт саналын 1.12 хувь буюу 1 426 055 нь хоосон, 2.12 хувь буюу 2 713 225 нь хүчингүй саналын хуудас байжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг