Эрт илрүүлгээр хүүхдүүдийн 8.4 хувь нь эрүүл мэндийн өндөр эрсдэлтэй гэж үнэлэгджээ

Эрт илрүүлгээр хүүхдүүдийн 8.4 хувь нь эрүүл мэндийн өндөр эрсдэлтэй гэж үнэлэгджээ

 

Эрүүл мэндийн яам, Боловсролын яам хамтран хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улс орон даяар 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар байдлаар улсын хэмжээнд 198,302 /69.4%/ хүүхэд үзлэгт хамрагдаж эхэлсэн ба үүнээс 130,450 /45.7%/ хүүхэд эмчийн үзлэгт бүрэн хамрагдаж дууссан байна.

Улсын хэмжээнд үзлэгт бүрэн хамрагдсан хүүхдийг насны бүлгээр ангилбал

  • 3 настай хүүхдийн хамрагдалт 37,648  буюу 56.6 %
  • 6 настай хүүхдийн хамрагдалт 32,226 буюу 42.8% 
  • 11 настай хүүхдийн хамрагдалт 36,085 буюу 44.4 %
  • 15 настай хүүхдийн хамрагдалт 24,491 буюу 39.1 %  байна.

Үзлэгт хамрагдсан хүүхдийн эрсдэл

  • 26.3% А буюу хэвийн үнэлгээтэй хүүхэд
  • 24.1% В буюу ӨЭМТ түвшинд хяналт тавих шаардлагатай бага эрсдэлтэй хүүхэд
  • 41.2% С буюу дунд эрсдэлтэй, нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай хүүхэд
  • 8.4% D буюу эрсдэл өндөртэй үнэлэгдсэн байна.

С буюу дунд эрсдэлтэй, нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай хүүхдийн дунд шүдний өвчлөл зонхилж байгаа бол D буюу эрсдэл өндөртэй үнэлэгдсэн хүүхдийн дунд хөгжлийн хоцрогдол, биеийн жингийн өөрчлөлт зонхилж байна.

Энэхүү үзлэгийн гол онцлог нь хүүхдийг эмнэлэгт ирэхийг хүлээх бус харин хүүхдийн сурч, хөгжиж байгаа цэцэрлэг, сургуулийн орчинд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулж, хүүхдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, илэрсэн эрсдэлийг эрт илрүүлэн шаардлагатай хүүхдийг дараагийн шатны тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбож хяналтыг үргэлжлүүлэхээр зорьж байна.

Энэ удаагийн илрүүлгийн онцлог:

  • Цэцэрлэг болон сургуульд суурилж нас, хөгжлийн онцлогт тохирсон багц, үзлэг, үнэлгээнд хамруулах буюу 4 насыг сонгож үзлэг хийж байна (3, 6, 11, 15 настайд)
  • Сургууль болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын цахим системүүдийн интеграц, дата солилцоо
  • Цахим платформ, бодит цагийн горимоор хянах нэгдсэн дашборд
  • ЭМДҮЗ-ийн тогтоолоор үзлэгийн зардлын хэмжээг баталж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн
  • Эцэг эхчүүдэд хүүхдийн үзлэгийн дараах зөвлөгөөг ЕМонголиа-гаар дамжуулан хүргүүлнэ
  • 2 салбарын хамтарсан ажлын хэсэг, хамтарсан сургалтууд, мэдээллийн нэгдсэн урсгал
  • Нэг удаагийн арга хэмжээ бус, хүүхдэд ойр урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний тогтолцоо бүрдүүлнэ.

Хүүхдийн өсөлт, хөгжил, биеийн ерөнхий эрүүл мэнд, харааг үнэлэхээс гадна 3 настайд хүүхдийн хөгжил болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг, 6 настайд зүрхний цахилгаан бичлэгээр зүрхний эмгэгийн эрсдэлийг, 11 настайд нурууны муруйлт, хавтгай тавхайг, 15 настайд сэтгэл зүй болон бэлгийн бойжилтын хөгжлийг үнэлэх асуумж зэрэг насны онцлогт тохирсон үнэлгээ хийгдэнэ.

Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчид мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авч байгаа. Мөн хүүхдийн эрүүл мэндийн талаарх урьдчилан бөглөх асуумжийг ашигласнаар эмч үзлэг хийхдээ хүүхдийн эрсдэлийг илүү сайн тодорхойлох боломж бүрдэж байгаа. 15 настай хүүхдийн хувьд насны онцлогийг харгалзан зарим өөрийн үнэлгээний асуумжийг сурагч өөрөө бөглөсөн юм. 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам 

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen