“Солонго 1, 2”-ын сонгон шалгаруулалт 9-р сард эхэлнэ
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хорооллын төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцны барилга байгууламжийг улсын комисс хүлээн авчээ.Тус төсөл нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа бөгөөд оршин суугчдын тав тух, аюулгүй байдлыг хангах орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлснээрээ онцлог байна.
Тухайлбал, орон сууц бүр тусдаа угаалгын өрөөтэй, гурван давхар шилэн цонхтой, шалны дуу чимээ тусгаарлагчтай, ашиглалттай дээвэртэй, домофон болон нарны панелын системээр тоноглогдсон бөгөөд хоёр болон гурван өрөөний сонголттойгоор баригджээ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өмнө нь мэдээлэхдээ “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг энэ оны долдугаар сард ашиглалтад оруулж, “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам”-ын хүрээнд иргэдийг хамруулна” хэмээн мэдэгдэж байсан юм.
Нийт 2042 айлын орон сууцны 35 хувь буюу 715 айлыг нийтийн албан хаагчдад хуваарилахаар төлөвлөжээ. Үүнээс 408 байрыг эмч, багш зэрэг нийтийн үйлчилгээний салбарын ажилтнуудад олгох аж.
Харин үлдсэн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажиллагааг ирэх есдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн байна.