Б.Хуягбаатар: Байгалийн хийн төслийн гэрээ байгуулах эрх олгохыг дэмжлээ


НИТХ-ын ээлжит IX хуралдааны II хэлэлцүүлэг өнөөдөр болж, нийслэлийн өмчийн бүртгэлтэй холбоотой асуудлууд болон “Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг хэлэлцлээ.
Тус төслийг 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба эхний шатанд 58 МВт-ын хүчин чадалтай хийн дулааны станц, хий хадгалах байгууламж, 12 км дамжуулах шугам барина. Нийт 207 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 75 тэрбумыг нийслэл, үлдэх хэсгийг хувийн хэвшил хариуцах юм. Төсөл хэрэгжсэнээр 35 мянган өрхийг дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ.
Хэлэлцүүлгийн үеэр төслийн эдийн засгийн үр өгөөжөөс гадна хийн түлшний үнэ, нийлүүлэлт, тээвэрлэлтийн маршрут, байгаль орчин болон иргэдийн аюулгүй байдалтай холбоотой эрсдэлийг нарийвчлан тооцох шаардлагатайг онцоллоо. Ялангуяа, иргэдэд мэдээллийг ил тод хүргэж, аюулгүй ажиллагааны шаардлагыг гэрээнд тодорхой тусгах нь чухал.
Мөн Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах, дотоод үнэт цаас гаргах болон төсвийн сахилга, санхүүгийн хариуцлагыг сайжруулах тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталлаа.
Томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг дэмжихийн зэрэгцээ эдийн засгийн үр ашиг, иргэдийн эрх ашиг, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллах ёстой.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen