ДЦС-5 төслийн талбайгаас 55.6 мянган шоо метр үнс зөөлөө


Улаанбаатар хотын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах стратегийн ач холбогдол бүхий Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Төслийн талбайд инженер-геологийн судалгааны өрөмдлөгийн ажил бүрэн дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генератор, трансформаторыг захиаллаа. Эдгээр тоног төхөөрөмжийг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлэн сонгожээ.

Үүний зэрэгцээ газар чөлөөлөлт, техникийн нөхцөл, дэд бүтцийн шийдэл болон зураг төслийн ажлууд үе шаттай хэрэгжиж байна. Төслийн талбайг бэлтгэх хүрээнд үнс зөөвөрлөх ажил дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 2227 рейс, 55.6 мянган шоо метр үнс зөөгөөд байна. ДЦС-5 ашиглалтад орсноор жил бүр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах шинэ эх үүсвэр бий болж, Улаанбаатар хотын 100 мянга орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчээр, 40 мянга орчим айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Ингэснээр нийслэлийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа сайжирч, импортын эрчим хүчний хамаарлыг бууруулах төлөвлөгөөтэй.

Энэхүү орчин үеийн дэвшилтэт технологи бүхий станц ашиглалтад орсноор агаар бохирдуулагч зэрэг иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулна.

Түүнчлэн ДЦС-5 төсөл нь зөвхөн эрчим хүч үйлдвэрлэх байгууламж бус Монгол Улсын эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалтыг дэмжих томоохон хөрөнгө оруулалтын төсөл юм. Станцын нүүрсний хэрэгцээ нэмэгдэх нь дотоодын нүүрс олборлолт, тээвэр, ханган нийлүүлэлтийн салбаруудын үйл ажиллагааг идэвхжүүлж, эдийн засагт нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen