Гашуунсухайтын нууц гэрээнд хэн хариуцлага хүлээх вэ?


Ерөнхий сайд бүх хэргийг яаралтай шалгахыг үүрэг болголоо

УЛААНБААТАР. Долоон жилийн өмнө төрийн нууцад орж, 2022 онд нүүрсний жагсаалын үеэр ил болсон "Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын гэрээний дуулиан дахин ширүүсэв. Ерөнхий сайд Н.Учрал өчигдар мэдэгдэл хийж, асуудлыг Х.Баттулгаас эхлэлтэй гэж үзэж байгаагаа хэллээ. Тэрээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2019 онд ҮАБЗ-ийг тэргүүлж байхдаа төмөр замыг нууцад авч, оффтейк гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр олгуулсан гэж мэдэгдсэн. Мөн "танай, манай нам хамаарахгүй" гээд оффтейк гэрээ, баялгийн хулгайтай холбогдсон төрийн бүх өндөр албан тушаалтныг шалгахыг шаарджээ. Хууль хяналтын байгууллагад хэргийг яаралтай шалгаж эцэслэх үүрэг өгөх аж.


2019 оны аравдугаар сарын 29-нд "Эрдэнэс Таван толгой", "Тавантолгой төмөр зам", "Бодь интернэшнл" групп гурвалсан гэрээ байгуулж, нууцад авсан. 263.3 км төмөр замыг 1 тэрбум ам.доллароор барьж, 682 сая ам.долларыг нь нүүрсээр 2020-2024 онд төлөхөөр тохирсон. "Эрдэнэс Таван толгой" 110 сая ам.долларыг урьдчилгаа болгон гаргасан бөгөөд гэрээнд урьд нь хийгдсэн гэх 280 сая ам.долларын ажлыг тооцсон байна. Олон нийтэд “280 сая долларын овоолсон шороо” гэж алдаршсан маргаан нь энэ юм.


Мөн санхүүжилт 1.2 тэрбум ам.доллар болж өсчээ. Нүүрсээр төлөх дүн 896 сая ам.доллар хүрсэн. Нүүрсний суурь үнийг 60 доллараар хамгийн хямд тооцож, "Бодь интернэшнл" өндөр үнээр дамлан зарсан гэх. Нэг км төмөр зам 16 тэрбум төгрөгийн өртөгтэй, нийт 4.3 их наяд төгрөг болж, зах зээлийн үнээс хэт өндөр баригджээ. "Голомт капитал" ББСБ-аар дамжуулан улстөрчдөд авлига өгсөн гэх асуудалд "Бодь интернэшнл"-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан нэр холбогдож байна.


Нэр холбогдсон 17 өндөр албан тушаалтнаас хуулийн өмнө очсон нь зөвхөн Б.Ганхуяг. Төмөр зам барих ажлыг хариуцаж байсан Б.Батзаяа, Н.Удаанжаргал, А.Амундра нар хил давж гарсан. Н.Алтанхуяг, Ж.Бат-Эрдэнэ, Ө.Шижир, Х.Баттулга нар УИХ-ын гишүүний халдашгүй байдлаар хамгаалагдаж байна. Гэрээг нууцад авсан ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнд Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, А.Гансүх, З.Энхболд, Ө.Шижир нар багтаж байв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албаа өгч, нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандана гэж мэдэгдсэн.


Төслийн түүх 2008 оноос эхлэнэ. Тухайн үед "Энержи Ресурс" тусгай зөвшөөрөл авч, 2012 оны тавдугаар сард концессын гэрээ байгуулсан. Гэвч Н.Алтанхуягийн Засгийн газар тавхан сарын дараа гэрээг цуцалж, барилгыг "Монголын төмөр зам" ТӨХК-д шилжүүлсэн. Нийтлэлд үүнийг тухайн үеийн Зам тээврийн сайд Х.Баттулгын өргөн царигийн бодлогын үр дүн гэж тайлбарлав. Төсөл долоон жил гацаж, 2019 онд "Бодь интернэшнл"-тэй нууц гэрээгээр дахин хөдөлсөн. Төмөр замыг 2022 оны есдүгээр сард ашиглалтад хүлээн авсан бөгөөд 2025 оны тавдугаар сард БНХАУ-ын Ганцмод боомттой холбох хил холболт эхэлжээ.


Нүүрсний сонсголын үеэр "Голомт капитал"-аар дамжуулан авлига авч, хэргийг дарсан гэж сэжиглэгдсэн Хуульзүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр, дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, хэргээ шалгуулахаар болсон нь энэ хэргийн гялтайх ганц сайн мэдээ нь...


П.Самдан
www.BOLOD.mn


Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen