У.Хүрэлсүхийн улс төрөөс явах хүсэлт ба эргэн ирсэн түүх
У.Хүрэлсүх улс төрийн замналдаа хэд хэдэн удаа өндөр албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байв. Гэвч түүний хувьд энэ нь улс төрөөс бүрмөсөн явсан хэрэг байсангүй. Харин ч хэсэг хугацааны дараа эргэн ирж, өмнөхөөсөө илүү өндөр албан тушаалд хүрсэн түүхтэй.
1. 2012.11.12 | УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж, улс төрөөс завсарлага авав
2012 оны сонгуулиар МАН-ын жагсаалтын хоёрт бичигдэн УИХ-ын гишүүн болсон У.Хүрэлсүх удалгүй гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргав. Түүний оронд жагсаалтын дараагийн хүн болох Д.Сарангэрэл УИХ-ын гишүүн болсон юм. Улмаар намын удирдлага солигдож, У.Хүрэлсүх хэсэг хугацаанд улс төрөөс хөндийрөн Австралид гэр бүлийн хамт амьдарч байгаад 2014 онд эргэн иржээ.
2. 2017.08.21 | Шадар сайдын албан тушаалаасаа татгалзав
Өөрийг нь хууль бусаар тагнаж, чагнасан гэх асуудал болон тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай санал зөрөлдсөний улмаас У.Хүрэлсүх Шадар сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргав. Гэвч энэ удаагийн улс төрийн завсарлага удаан үргэлжилсэнгүй. Тэрбээр МАН-ын даргын төлөө өрсөлдөж ялалт байгуулан, 2017 оны аравдугаар сард Ерөнхий сайд болов.
iKon.mn
3. 2021.01.21 | Ерөнхий сайдаас огцорч, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөв
Нийслэлийн Өргөө амаржих газраас коронавирусийн халдвар авсан эхийг нярай хүүхдийнх нь хамт өвлийн хүйтэнд гадуур хувцасгүй шилжүүлсэн дүрс бичлэг олон нийтийн шүүмжлэл дагуулсны дараа У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм. Тухайн үед тэрбээр хариуцлага хүлээж буйгаа илэрхийлсэн ч удалгүй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан. Ингэснээр Ерөнхий сайдын суудлаас буусан тэрбээр төрийн тэргүүн болов.
4. 2026.11.17 | Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргав
Зургаан жилийн хугацаатай сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаагаа дуусгахаас долоон сарын өмнө өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдэж, хүсэлтээ УИХ-д хүргүүлэв. Тэрбээр өөртэй нь холбоотой асуудлыг шалгуулж, нэр төрөө сэргээлгэх зорилготойгоо тайлбарласан бөгөөд хүсэлтийг нь УИХ эцэслэн шийдвэрлэх юм.
П.Самдан
www.BOLOD.mn
Сэтгэгдэл (3)