“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг “Солонго-1, 2” төслөөр орон сууцтай болгоно

Нийслэлийн дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 2000 орчим иргэнийг орон сууцтай болгох ажлыг Засгийн газар, нийслэл хамтран хэрэгжүүлэхээр болжээ.
Тодруулбал, “Андын зам”, “Бриллиант” компанийн үйл ажиллагаанаас хохирсон иргэдийг улсын болон нийслэлийн төсвөөр хэрэгжүүлж буй 1008 айлын орон сууц, “Солонго-1”, “Солонго-2” төслүүдэд хамруулж, хохирлыг барагдуулахаар төлөвлөсөн байна.
Мөн олон жил царцсан барилгуудын бүтээн байгуулалтыг сэргээхийн тулд ажлыг үргэлжлүүлэх боломжтой аж ахуйн нэгжүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, барилгын ажлыг үргэлжлүүлэхээр болжээ.
Энэ талаар хохирогч иргэд “Олон жил туйлдаж, орох оронгүй, айл бараадан амьдарлаа. Эцэст нь ийм сайхан мэдээ сонсож байгаадаа баяртай байна. Одоо л нэг бидний асуудал шийдэгдэх нь гэсэн итгэл төрж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Гэхдээ олон жил үргэлжилсэн энэ асуудал шийдвэрлэгдсэн гэж үзэхэд эрт байна. Орон сууцанд хамруулах хугацаа, шалгуур, барилгын гүйцэтгэл, иргэдэд түлхүүр гардуулах тов тодорхой болох хүртэл хохирогчдын хувьд хүлээлт үргэлжилсээр байх нь.
Б.Зул
www.BOLOD.mn