Сэрэмжлүүлэг: 57 адуу, 35 сарлаг хулгайлсан хэрэг гарчээ
Намар, өвлийн улиралд малын хулгайн гэмт хэрэг гарах эрсдэл нэмэгддэг тул малчдыг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал, малаа удаан хугацаагаар хариулгагүй, эзэнгүй орхих, малын им, тамга болон бүртгэл тэмдэглэгээг дутуу хийх нь хулгайд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
Сүүлийн үед Завхан аймагт гурван иргэн бүлэглэн хоёр азарганд хамаарах 57 адуу хулгайлсан бол Хөвсгөл аймагт хоёр иргэн 35 сарлагийн үхэр хулгайлсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Одоогоор дээрх хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр малын хулгайчид ихэвчлэн малыг бэлчээрээс тууж тээврийн хэрэгсэлд ачих, эсвэл бэлчээр дээр нь нядлах аргаар хулгайлдаг байна. Мөн бүлэглэн, урьдчилан тохиролцож гэмт хэрэг үйлдэх тохиолдол ч гарч байгаа аж.
Иймд малчид малаа тогтмол хариулгатай байлгаж, удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байхыг зөвлөж байна. Түүнчлэн малынхаа им, тамга, зүс, нас, хүйс зэрэг онцлог шинжийг бүртгэж, зурагжуулах нь хулгайд алдсан тохиолдолд эрэн сурвалжлах, өөрийн малыг танихад чухал ач холбогдолтой. Мөн мал худалдах, шилжүүлэх, тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ болон холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатайг анхаарууллаа.
Сэжигтэй хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ажиглагдах, эсвэл мал хулгайлах гэмт хэргийн талаар мэдээлэл авсан тохиолдолд цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102 дугаарт мэдэгдэхийг зөвлөж байна.
Сануулахад, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар бусдын малыг хулгайлсан тохиолдолд зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл хорих ял шийтгэхээр заасан. Харин хүндрүүлэх нөхцөлтэйгөөр үйлдсэн бол 2-8 жил, малын хулгайг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, эсвэл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.