Даваасүрэн гишүүн ээ, эхлээд бяслагны үйлдвэрээ ашигтай ажиллуулчихаад ногдол ашгаар үйлдвэр барих тухай яриарай

Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрд хүртээх тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн байр суурь улстөрчдийн дунд нэгэн хуучин маргааныг дахин эхлүүлэв. Зарим гишүүн иргэдэд мөнгө тараахын оронд үйлдвэр барих хэрэгтэй гэж тайлбарлаж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гэхэд л “Бэлэн мөнгө тараах биш, үйлдвэр барих хэрэгтэй” хэмээн мэдэгдэв.
Үйлдвэр барих сайхан. Ажлын байр бий болгох бүр ч сайхан. Харин тэр үйлдвэр хэдэн төгрөгөөр баригдах, хэн удирдах, бүтээгдэхүүн нь хаана борлогдох, оруулсан хөрөнгөө хэдийд нөхөх вэ гэдэг дээр л асуудал эхэлдэг. Учир нь Монголд үйлдвэр барих тухай ярих амархан ч ашигтай ажиллуулах нь өөр хэрэг.
Төрийн мөнгөөр эхлүүлсэн төсөл болгон амжилттай болсон бол өнөөдөр Монгол Улс үйлдвэржилтээрээ дэлхийд тэргүүлж суух байлаа. Гэвч бодит байдал дээр эдийн засгийн тооцоо нь бүдэг, зах зээлийн судалгаа нь сул, улс төрийн амлалт нь том төслүүд цөөнгүй бий. Ц.Даваасүрэн гишүүнтэй холбон яригддаг бяслагны үйлдвэрийн асуудал ч үүний нэг жишээ болон олон нийтийн анхаарлыг татдаг. Үйлдвэр байгуулах тухай ярьж байгаа хүмүүс эхлээд хөрөнгө оруулалтын өртөг, эдийн засгийн үр өгөөж, бодит үр дүнгээ тайлагнах хэрэгтэй биш үү?
Хачирхалтай нь, иргэдэд ногдол ашиг өгөх тухай ярихаар төсвийн мөнгийг хайрлах сэтгэл төрдөг атлаа үйлдвэр, бүтээн байгуулалт нэрээр хэдэн зуун тэрбум, их наяд төгрөг зарцуулахад тэр болгоны үр ашгийг нэхэх хүн цөөн байдаг. Тэгвэл татвар төлөгчдийн мөнгөөр барьсан, ашиггүй ажилласан үйлдвэрийн алдагдлыг хэн төлөх вэ? Мэдээж эцэст нь дахиад л иргэд.
Оюу толгойн ногдол ашиг бол улстөрчдийн хүссэн төслөө санхүүжүүлэх сан биш. Энэ бол байгалийн баялгаас бий болсон өгөөж. Түүнийг иргэдэд шууд хүртээх үү, эсвэл эдийн засгийн үр өгөөж нь нотлогдсон төсөлд хөрөнгө оруулах уу гэдгийг баримт, тооцоонд үндэслэн шийдэх ёстой. Харин “үйлдвэр барина” гэдэг сайхан уриагаар нийтийн баялгийг захиран зарцуулах эрх хэнд ч байхгүй.
Монгол Улсад үйлдвэр хэрэгтэй нь үнэн. Гэхдээ ашиггүй үйлдвэр барихын тулд иргэдийн хүртэх ёстой ногдол ашгийг хойшлуулах шаардлагагүй. Эцсийн дүндээ баялгийн өгөөжийг иргэдэд өгөхгүй байх шалтгаан нь үйлдвэр барих хүсэл биш, харин тэр мөнгийг хэрхэн зарцуулахыг хянах боломжоо алдах вий гэсэн болгоомжлол биш биз?
П.Самдан
www.BOLOD.mn
www.BOLOD.mn