Нарны гэрэлд алт шиг гялалздаг, аалзны торноос ч нимгэн эртний даавуу
Торгоноос ч нимгэн, арьсанд хүрэхэд бараг мэдрэгддэггүй атлаа нарны гэрэлд алт шиг туяардаг нэгэн ховор даавуу байдаг нь “Виссон” буюу далайн торго юм. Эртний Египет, Грек, Ромын үед хамгийн үнэтэй, тансаг материалын нэгт тооцогдож байсан энэхүү даавуу өнөөдөр устах аюул нүүрлэсэн эртний урлалын өв болон үлджээ.
Виссон нь энгийн торго биш бөгөөд Газар дундын тэнгист амьдардаг Pinna nobilis хэмээх аварга хясааны усан доорх нарийн утаслаг ялгарлаас гаргаж авдаг онцлогтой. Эдгээр утсыг цэвэрлэж, самнан, маш нарийн боловсруулсны дараа аалзны тор мэт хөнгөн, зөөлөн ширхэгтэй болгодог байна.

Сонирхолтой нь, далайн торгоор нэхсэн даавууг нимбэгний шүүс болон тусгай аргаар боловсруулснаар алтлаг туяа нь улам тодордог ажээ. Иймээс нарны гэрэл тусах үед энгийн даавуу бус, алтлаг өнгөөр гэрэлтэх мэт харагддаг байна.
Гэвч энэ тансаг материалын нууцыг хадгалсан уламжлалт урлал өдгөө бараг мартагдах шатандаа хүрчээ. Учир нь түүхий эд болдог аварга хясаа нь Газар дундын тэнгист ховордож, хамгаалалтад орсон төдийгүй далайн орчны өөрчлөлт, өвчин зэрэг хүчин зүйлээс шалтгаалан тоо толгой нь эрс цөөрсөн байна.
Ийнхүү нэгэн цагт хаад, язгууртнуудын тансаг хэрэглээ болж байсан далайн торго өнөөдөр хүн төрөлхтний мартагдаж буй ховор урлалын нэг болон үлджээ.
Б.Зул
www.BOLOD.mn
www.BOLOD.mn