Засгийн газар 2026-2030 онд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж, 50 мянган яндан буулгана



Засгийн газар 2026-2030 онд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, гэр хорооллын 50 мянган янданг буулгах зорилт тавьжээ. Энэ талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мэдээллээ.
Хөтөлбөрийн хүрээнд 60 мянган орон сууцыг хувийн хэвшлийн төслөөр, 40 мянган орон сууцыг төрөөс газар, дэд бүтцийг нь шийдсэн төслүүдээр дамжуулан иргэдэд санал болгоно. Иргэдийн хүсэлтийг цахимаар авч, онооны системээр эрэмбэлэн хөнгөлөлттэй зээлд хамруулахаар төлөвлөжээ.
Зээлийн хугацаа 20 жил байх бөгөөд эхний гурван жилд жилийн 6 хувийн хүүтэй, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэй болохоор танилцуулсан байна. Хөтөлбөрийг санхүүжүүлэхээр 2027 оны улсын төсөвт 1.8 их наяд төгрөгийн эх үүсвэр тусгахаар төлөвлөжээ.
Эхний ээлжид 2027 онд 16 мянган өрхийг хамруулах бөгөөд үүнээс 14 мянга нь гэр хорооллоос орон сууцанд шилжих, 2000 нь хашаандаа сэргээгдэх эрчим хүч ашиглан яндангаа буулгах өрх байх аж.
Мөн “Солонго-1, 2” хорооллын 5002 айлын орон сууцны нэг ам метр талбайн үнийг 4.4 саяас 3.9 сая төгрөг болгон бууруулсан байна. Тус хорооллын 2042 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж, нийт байрны 50 хувийг газраа орон сууцаар сольсон өрхөд, 30 хувийг түрээслээд өмчлөх нөхцөлөөр, 10 хувийг хямд түрээсээр, үлдсэн 10 хувийг хамтын өмчлөлөөр эзэмшүүлэхээр танилцуулжээ.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen