Газраа өгсөн 557 өрх таван жил хүлээсэн ч орон сууц нь боссонгүй


Хан-Уул дүүргийн Яармагийн Е хэсэгт хэрэгжиж буй гэр хорооллыг дахин төлөвлөх төслийг “Андын Зам Констракшн” ХХК 2021 онд эхлүүлсэн ч өнөөдөр хүртэл олон зуун өрх шинэ байрандаа орж чадаагүй хэвээр байна.
Төслийн хүрээнд 557 гаруй өрх газраа чөлөөлж, иргэд орон сууц захиалан төлбөрөө төлсөн боловч амласан хугацаа өнгөрснөөс хойш хэдэн жил болсон байна. Баригдахаар төлөвлөсөн зургаан блок орон сууцнаас заримынх нь ажил бүрэн зогсож, зарим нь өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгаа аж.
Иргэдийн хэлж буйгаар, шинэ байртай болно гэсэн итгэлээр газраа өгч, зарим нь банкны зээл авч, хуримтлалаа зориулсан ч өнөөдөр түрээсийн байр, төрөл садныхаа гэрт амьдрахад хүрчээ.
Энэ асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Орон сууцны бодлогын газар болон холбогдох байгууллагууд компанид шаардлага хүргүүлж байгаа ч иргэдтэй байгуулсан гэрээний ихэнх нь иргэн, компанийн хооронд байгуулсан хоёр талт гэрээ учир төрөөс шууд шийдвэрлэх боломж хязгаарлагдмал байгаа талаар тайлбарласан байна.
Мөн төслийн хэрэгжилт саатсан шалтгааныг “Андын Зам Констракшн” ХХК цар тахал болон санхүүгийн хүндрэлтэй холбон тайлбарлажээ.
Хамгийн ноцтой нь өнөөдрийн байдлаар уг төслийг үргэлжлүүлэх, өөр хөрөнгө оруулагчид шилжүүлэх, эсвэл шүүхийн журмаар шийдвэрлэх эсэх талаар тодорхой шийдвэр гараагүй хэвээр байна. Үүний улмаас газраа чөлөөлсөн олон зуун өрх тав дахь жилдээ хүлээлтийн байдалд үлдээд байна.
Хохирогч иргэдийн зүгээс энэхүү төсөл нь төрөөс баталсан гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн учраас төрийн бодлого, баталгаанд итгэн газраа чөлөөлсөн гэж үзэж байна. Тиймээс төслийн хэрэгжилт гацсан асуудлыг төр, нийслэлийн удирдлагууд анхааралдаа авч, хариуцлагыг тодорхой болгон, олон жил хохирч буй иргэдийг орон сууцаар хангах эсвэл хохирлыг нь барагдуулах бодит шийдэл гаргахыг шаардаж байгаа юм.


Б.Зул
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen