Барилгын компаниудын алдааг төр татвар төлөгчдийн мөнгөөр нөхөх үү?


Газраа байраар солиулах гэж хашаа, газраа өгсөн ч орон гэргүй үлдсэн, барилгын компанид хэдэн арван сая, зарим нь хэдэн зуун сая төгрөг төлсөн ч байр нь баригдаагүй иргэдийн асуудал төрийн толгойны өвчин болж хувирлаа. Одоогоор орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон 2000 гаруй иргэн байгаа бөгөөд тэдний олонх нь арван жилийн өмнөөс өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн орон гэргүй амьдарч байна.

Энэ бол зөвхөн барилгын зөвшөөрөл, хяналт, дахин төлөвлөлт, төрийн байгууллагуудын хүнд суртал, бодлогын залгамж чанаргүй байдлын уршиг иргэдийн нуруун дээр буусны бодит жишээ юм. Зөвшөөрөлгүй барилга барихыг нь төр хянаж чадаагүй, зөвшөөрөл авах явцад авлига, хүнд суртал үүссэн, дахин төлөвлөлтийн төслөө улс төрийн сонгуулийн дараа орхисон зэрэг олон шалтгаанаар иргэд хохирчээ.
Одоо харин төр асуудлыг шийдэхийн тулд нэг удаагийн хууль батлахаар хэлэлцэж байна. Зөвшөөрөлгүй баригдсан ч иргэд нь аль хэдийн амьдарч буй барилгуудад нөхөн зөвшөөрөл олгох, царцсан төслүүдийг үргэлжлүүлэх, хохирогчдыг орон сууцанд хамруулах зэрэг хувилбар яригдаж байгаа аж. Гэвч хууль зөрчсөн барилгын компаниудыг ийнхүү нөхөж зөвшөөрөл олгох нь цаашид хэн дуртай нь зөвшөөрөлгүй барилга барьж, дараа нь төрөөр асуудлаа шийдүүлэх жишиг тогтоох эрсдэлтэй.
Цагдаагийн байгууллагын мэдээллээр 2026 оны долдугаар сарын 21-нээс хойш 86 хуулийн этгээдэд холбогдох 173 хэрэгт 2208 иргэн хохирогчоор тогтоогдож, 5.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Харин УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд танилцуулсан өнгөрсөн аравдугаар сарын мэдээллээр хохирогчдын тоо 2569, нийт хохирол 206 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Хохирогчдыг түр хугацаанд Хятадын буцалтгүй тусламжаар барьсан 1008 айлын орон сууц болон БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Солонго-1, 2” төслүүдэд хамруулах төлөвлөгөөтэй байгаа ч эдгээр барилгыг гүйцээн барих санхүүжилт тодорхойгүй хэвээр байгаа.
Ингээд харахаар иргэдээ хохироох үедээ хяналт тавьж чадаагүй төр одоо хохирлыг нь барагдуулахын тулд дахин төсөв, хууль, ажлын хэсэг ярьж сууна. Харин энэ бүхний төлбөрийг дахиад л татвар төлөгчид төлөх нь.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen