Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Энэ намар, өвлийн хүйтнээс өмнө их юм болох шинж бүрдчих шиг боллоо. Трамп Ираныг “боож муужруулж” унагаад нэг гар нь суларсан хэдий ч дотооддоо дизелийн түлшний нэг том асуудалтай тулгарчээ. Орос болон Украины толхилцооны улмаас дэлхийн зах зээл дээр дизель түлшний үнэ өсөж, тэр нь Америкийн тариаланчид, тракийн жолооч нарт сөргөөр нөлөөлж байгаа гэнэ, Трампын тайлбараар бол.
Гэхдээ даян дэлхийг хамарч мэдэх түлш шатахууны хямрал нь Трампын өөрийнх нь дутуу тооцоолсон Ираны дайнаас үүдэлтэй аж. ОХУ нь дэлхийн дизель шатахууны экспортын 9%-ийг эзэлдэг бол Иран түүнээс илүү их нөлөөлөх хэмжээний юм санж. Тэр хэмжээгээ Иран нууцалдаг юм байна.
Тэдний зүгээс ирж буй эсэргүүцэл дарамтыг одоо “Конгрессийн завсрын сонгууль”-ийн өмнө саармагжуулахгүй бол болохгүй нь гэж Трамп бээр үзэж өнгөрсөн есдүгээр сарын 5–6-нд Ерөнхийлөгч Трампын бие төлөөлөгчид болох Виткофф, түүний хүргэн Кушнер нар эхлээд Москвад очиж Путинтай дараа нь Киевт зочилж Зелинскийтэй уулзаж ярилцжээ. Путин өнөөх л Донбассаа авч сална гэж улигласаар. Трампынхан аль талд нь орохоо ярилцсаар, эхний ээлжинд нэн яаралтай 300,000 тонн, он дуустал нэмж 1.5 сая тонн дизель түлш нийлүүлэх болзолтойгоор Украины тусгаар тогтнолыг “солих”-оор шийдэж Путины саналд “бууж өгч” байна.
Путины арми Украин руу дрон пуужингээр ширүүн довтолсны хариуд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү дайрах тушаал өгчээ. Үүнийгээ “зогсоо” гэсэн Трампын шаардлагыг тэр бээр биелүүлэхээс татгалзсаны дараа Трамп Кремльтэй уг хэлэлцээрийг байгуулав. Хоёр тал харилцан довтолж байгаа хэдий ч Трамп үүний бурууг нэг талд нь, тухайлбал Украинд тохож байгаа нь наана гэж хэлэхэд тэр бээр шудрага бус загнав. Орос гараа хамхиад суугаагүйг бүгд л харж байна, тийм үү?
Зеленский уг хэлэлцээрийг "туйлын хортой" бөгөөд Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд Трхмпын барьсан "төрсөн өдрийн бэлэг" хэмээн тодорхойлжээ.
Трампын зарласан уг хэлэлцээр нь дээрхи 300,000 тонн дизель түлш авахын хариуд Москвад тавьсан хориг арга хэмжээг цуцлах бөгөөд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский үүнийг шүүмжилсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг “солих хэрэгтэй” гэж Украинчуудад санал болгосон мэдэгдэл хийсэн нь “дэлхийн чихийг дэлдийлгэж, амыг нь ангайлгах” нь тэр. Нэг улсын Ерөнхийлөгчийг нөгөө улсын Ерөнхийлөгч “огцор” гэж ил цагаан шаардаж байгаа нь тусгаар тогтносон улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа туйлын бүдүүлэг явдал гэж олон тоймч, шинжээч хэлж байна.
Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон, Оросын газрын тосны эсрэг тавьсан хориг арга хэмжээг цуцлах тухай Дональд Трампын "жигшүүртэй" шийдвэрийг эрс шүүмжилж Вашингтон болон Москвагийн хооронд байгуулсан энэ хэлэлцээр нь Украинд Путиний үйлдэж буй "хядлага"-ыг санхүүжүүлэх болно гэж мэдэгдсэн байна.
Европчууд, Америкийн дарамтыг үл тоомсорлон Оросоос дизель түлшийг худалдаж авахгүй нөөцөөрөө өөрийгөө хангах бодлоготой байгаа бөгөөд Украиныг энэ хүнд хэцүү цагт цаашид ч шийдвэртэй дэмжихээ илэрхийлж байгаа юм. Гэхдээ асуудлыг нөгөө сул талаас нь хийсвэрээр авч үзье л дээ. За яахав, дэлхийн хамгийн хүчирхэг Их гүрний дарамтад жижигхэн Украин ороод Ерөнхийлөгч Зеленскийг өөр хүнээр сольчихдог юм гэхэд асуудал шууд Трампын талд шийдэгдэх үү? Бүрэн эрхэт Украин Улсын нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдлыг тус улсын “Үндсэн Хууль”-иар хориг тавьчихсан асуудал. Ганц Ерөнхийлөгч нь ч мэддэг юм биш юм байна. 450 гишүүнтэй Украины Парламентийн шийдэх бүрэн эрхийн асуудал юм. Учир нь хүчирхэг Европын Холоотнууд, мөн дайныг эсэргүүцэгч даян дэлхийн тэр бум тэрбум хүн ард Украиныг дэмжиж байгаа гэдгийг тэд мэдэж байгаа учир тэнд “бууж өгнө” гэсэн шившигт санал өгөхөөсөө илүүтэй эсрэг саналтай эх оронч дайчин гишүүд нь олонхи байгаа гэсэн итгэл буй. Нарийндаа Трампын энэхүү худрагагүй мэдэгдэл нь “Украин Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаална” гэж АНУ 1994 онд Будапештэд амалснаа зөрчиж буй дэндүү шившигтэй, дэлхийн №1 их гүрэн ийнхүү нэр нүүрээ гутааж буй явдал хэмээн Ерөнхийлөгч асан, энэ “Budapest Memorandum 1994” гэрээнд Америкийн Нэгдсэн Улсыг төлөөлөн амлалт өгч, гарын үсэг зурсан Клинтон болон Трампыг шүүмжлэгч олон улс төрч үзэж байна.
Трамп, Зеленскийг “АНУ-д ашигтай” хэлэлцээр хийхгүй байна гэж зэмлэж байна. Гэтэл Зелинский эх орон-Украиныхаа эрх ашгийг нэн тэрүүнд тавина гэж Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн болохоос Америкийн ч юм уу, Оросын эрх ашгийг хамгаална гэж тангараг өргөөгүй биз дээ. Тэгэхээр түүний буруу гэж байх уу? Володимир Зеленский бол шазруун залуу. Тэр бээр өргөсөн тангарагаасаа няцсан дорвол албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрохыг дээрд үзэх нь гарцаагүй. Тэгвэл дараа нь юу болох вэ?
Трамп, Украины хэн нэгэн “шинэ” удирдагч хэлэлцээр хийх тал дээр илүү үр дүнтэй ажиллана гэж үзэж байна. Тэр нь хэн юм бол? Тэр хүнийг Путин нэр заан “томилуулах” юм болов уу? Тэгээд “шинэков” нь Путинд Донбассыг “өгөх” гэрээнд гарын үсэг зурж гэмээ нь тэр гэрээ нь хожим хойно “Версаль-2” болох л байх даа. Нэг үгээр Орос-Украины дараагийн бас нэг том дайны голомтыг тэнд “булж” орхино гэсэн үг. Мөн үү? Донбасс ийнхүү дахиад “Дарьтай торх” болох нь л дээ.
Хэрэв Орос-Америк хоёр Донбассыг хуйвалдаад “авчихаж” гэмээ нь энэ бол тун гоомой тохиролцоо болно. Украинчууд үүнд мөнхийн хонзонтой үлдэнэ. Ийм явдал өнгөрсөн зуунд хоёр ч удаа болсон юм. Тийм ээ, иймэрхүү шившигт түүх давтагдаж магадгүй болчихлоо байна.
Уншигч та 1918 оны “Версалийн Гэрээ”, 1938 оны “Мюнхений хэлэлцээ”-г санаж байна уу? Шившигт түүх давтагдах вий... Дэлхийн 1-р дайн 1918 онд дууссан. Ялагчид 1919-1920 онд хэлэлцээний ширээний ард сууж “Дэлхийг хуваасан”. Ингэж хуваахдаа дараагийн дайны эх үүсвэрийг тавьчихжээ. Тухайлбал ялагдсан Германы эдийн засагт нэн чухал төмрийн хүдэр, хүрэн нүүрсний их сав Элзас-Лотаринг муж, Саарын бассейн Германы гомдол, үндсэрхэг үзлийг улс төрийн хувьд өдөөх нэгэн голомт болж Германчууд хонзон санаж үлдсэн. Германд “Версалийн гэрээ”-г доромжлол, шударга бус шийтгэл гэсэн ойлголт хүчтэй дэлгэрсэн нь Гитлерийн суртал ухуулгад ашиглах таатай хөрс болсон ажгуу.
Гитлер эрх мэдлээ бэхжүүлж, хүчирхэг армитай болмогцоо Британи, Францад, Чехословакийн Судетын нутгийг Германд өг, гэж тулган шаардлага тавив. Яг өнөөгийн Путин Донбассыг нэхэж, Трамп түүнийг дэмжиж байгаатай адил юм болсон байх нь.
1938 онд Мюнхенд, Их Британи, Франц хоёр Гитлерийн шаардлагыг хүлээн авч, Чехословакийн газар нутгийг түүний гарт өгчээ. Хамгийн гутамшигтай нь, хувь заяаг нь шийдэж буй тэр хэлэлцээний ширээнд Чехословакийг өөрийг нь суулгаагүй юм. Нөгөө хоёр гүрэн “Европт энх тайван” тогтоох нэрээр жижиг холбоотныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг золиосолжээ. Гитлер амласан ёсоороо зогссонгүй. 1939 оны гуравдугаар сард Чехословакийн үлдсэн хэсгийг эзлэн авлаа. Мюнхений тохиролцоо дайнаас аварсангүй. Тэгээд яалаа? Хитлер чимээгүй болов уу? Үгүй ээ, тэр бүр даварсан. Хүчтэй нь тулган шаардах замаар сул дайснаа буулт хийлгэж болдог гэсэн дохио өгч, дараагийн түрэмгийллийн дардан замыг нь засч Хитлер хоромхон зуур Европыг эзлэв. Үүнтэй адил Орос, Донбассыг аваад ханаж цадна гэвэл “ёстой номонд хазгай” гээч болно. Өнөөдөр түрэмгийллийг нь зогсоож чадахгүй, газар нутгийн булаан авалтыг нь зөвшөөрөөд өгвөл маргааш дахиад юу нэхэхийг хэн мэдэх билээ? Арван жил, хорин жил, магадгүй тавин жилийн дараа ч шинэ дайнд бэлтгэж, Украиныг дахин сөхрүүлэхээр оролдохыг үгүйсгэх аргагүй. Тэгээд Украины дараа Европын бусад орон ээлжинд нь өртөхгүй гэх баталгаа хаана байна?
Кремлийн “Русский мир” хэмээх гоё, сонсголонтой нэр томьёогоор халхалсан, хээ шаагүй “Русский деревный” соёл, бусдын газар нутаг, тусгаар тогтнол, өөрийнхөөрөө амьдрах эрхийг үл хүндэтгэсэн эзэнт гүрний “Төрийн хар хайрцаг”-ны бодлого нуугдаж байвал энэ нь зөвхөн Украины асуудал биш. Нэг үндэстний хүсэл зоригийг нөгөөд нь хүчээр тулган хүлээлгэх гэсэн бодлого эцэстээ хүн төрөлхтний энх тайван, эрх чөлөөнд заналхийлэхийг үгүйсгэх аргагүй.
Угаасаа энэ дайнч гүрэн 300 гаруй жилийн өмнө үүсэн бий болсон цагаасаа л газар нутгийн дуусашгүй бузар шуналын дэв шингэсэн адын зорилго-стратегитай гүрэн гэдгийг түүх өөрөө нотлож байгаа бус уу?
Тийм ээ, түүх давтагдаж байна. 1994 оны “Будапешт”-ийн гэрээг Орос уландаа дэвсэлсэн. Аугаа Америк гүрэн амлалтаасаа буцлаа. Ертөнцийн шившиг болж байна. Энэ гэрээнд гарын үсэг зурсан Ерөнхийлөгч асан Клинтон Америк Гүрний өмнөөс “нүүр нь улайж” Украины ард түмнээс уучлал гуйж сууна. Олон америк хүн ичиж байна. Хэрэв одоо энэ хоёр их гүрэн сүрүүлж байгаад хүчээр Донбассыг Украинаас дээрэмдэж авбал “Орос Баавгай” дараагийн “зууш”-аа нэхэх болно. Улам омогшиж хэдэн жилийн дараа, магадгүй Америкийн дэмжлэгээр хөл дээрээ босч Европыг авахаар зүтгэнэ. Энэ бол тун гоомой тохиролцоо болно. Украинчууд мөнхийн хонзонтой үлдэнэ. Яг 1938 оны германчууд шиг. Гашуун түүх дахиад л давтагдана. Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна. Би ингэж бодож байна.
Тодын Отгонбаяр (Зураач Лондон) 2026.10.10