“Улныхан” чанартай хүнс идэх эрхгүй юу, Д.Сарангэрэл ээ?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа иргэдийг “улныхан” хэмээн нэрлэж, олон нийтийн шүүмжлэлд өртөж байсан Д.Сарангэрэлийн эзэмшлийн “Стимо” компанитай холбоотой хүнсний аюулгүй байдлын асуудал дахин хөндөгдөж байна.
Нэгүүн.мн сайт тус компанийн бүтээгдэхүүн, үйлдвэрийн орчинтой холбоотой өт, ялаа, хөгцөрсөн бүтээгдэхүүн болон дахин савлаж худалдаалдаг гэх ноцтой мэдээллийг нийтэлжээ.
Д.Сарангэрэл “Стимо” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүртгүүлж байсан. Тэгвэл компанийн бүтээгдэхүүнтэй холбоотой ийм мэдээлэл гарсан үед эзэмшигч, удирдлагууд дуугүй өнгөрөх бус, чанарын хяналт, үйлдвэрлэлийн нөхцөл, хэрэглэгчийн эрхийн асуудлаар тодорхой тайлбар өгөх нь зүйтэй.
Хүнсний бүтээгдэхүүн бол зүгээр нэг худалдааны бараа биш. Айл өрхийн өдөр тутмын хэрэглээ, хүүхдийн эрүүл мэнд, иргэдийн амь нас, аюулгүй байдалтай холбоотой. Хэрэглэгч мөнгөөрөө бүтээгдэхүүн худалдан авч байгаа болохоос эрүүл мэндээрээ эрсдэл үүрэх ёсгүй.
Иргэдийг “улныхан” хэмээн нэрлэх нь амархан. Харин тэдэнд аюулгүй, чанартай хүнс хүргэх нь үйлдвэрлэгчийн үүрэг, хяналтын байгууллагын хариуцлага юм. Орлого багатай иргэн хямд бүтээгдэхүүн сонголоо гээд хугацаа нь дууссан, шаардлага хангаагүй хүнс хэрэглэх ёстой гэсэн үг биш.
Түүнчлэн 2022 онд “Стимо”-гийн “Жимст” жигнэмгийн үйлдвэрлэсэн огноог буруу тэмдэглэсэн тухай мэдээлэл гарч байв. Өнөөдөр ч энэ асуудал дахин байгаа гэдгийг тус мэдээлэлд дурдсан байна.
Одоо холбогдох байгууллагууд үйлдвэрийн нөхцөл, бүтээгдэхүүний чанар, хадгалалтын хугацаатай холбоотой мэдээллийг шалгаж, дүнг олон нийтэд ил тод мэдээлэх нь чухал байна.
П.Самдан
www.BOLOD.mn
www.BOLOD.mn