"ХАНА ХЭРЭМ ҮҮ, ЗААГ ХЯЗГААР УУ?"
Монголын улс төр, ёс суртахууны хямралыг даван туулах нь
--нийтлэл---
Баруун, зүүнийг заагласан Берлиний хана нуран унасан тэр түүхэн агшныг би өөрийн нүдээр харж байлаа. Олон жил нийгмийн хоёр өөр тогтолцоо, үзэл суртлын дунд хуваагдсан ах дүүс, найз нөхөд, хоёр талд хуваагдсан нэг үндэстэн нэг нэгнээ халуун нулимстай тэврэн уулзаж байсан тэр дүр зураг надад хэзээ ч мартагддаггүй. Тэр өдөр би нэг зүйлийг маш тод ойлгосон юм. Берлиний хана өөрөө нураагүй. Хүмүүсийг зааглан, хүчээр босгосон хана хэрэм хэчнээн өндөр байлаа ч тэд өөрсдөө хүсэж, ухаарч, нэгдэж чадвал нурааж чаддаг. Харин хана босгох амархан, нураасны дараа алдагдсан итгэлцлийг сэргээн босгох хамгийн хэцүүг бас ойлгосон. Тиймээс бид бие биендээ ямар нэгэн хана босгохоосоо өмнө сайтар тунгаах ёстой. 1990 онд ямар ч хана хэрэмгүйгээр ардчилал, зах зээл гэдэг нийгэм рүү “оготны хамраас ч цус гаргалгүй” монголчууд шилжсэн билээ.
Өнөөдөр Монголын нийгэмд бидний өөрсдөө босгосон олон хана хэрэм, зааг хаа сайгүй бий болсон байна, бий болгосон ч байна. Намын хана, ашиг сонирхлын хана, албан тушаалын хана, мөнгө хөрөнгийн хана, “манай тал–танай тал”, аймаг сум, үндэс угсаа, хөгшин залуугаараа ялгарсан хана, нам-үндэстэн дамнасан ашиг сонирхлын бүлэглэлүүдийн хана зэрэг маш олон саад тотгор болсон “хананууд” аль хэдийн батжин босжээ. Хамгийн аюултай нь эдгээр хана тоосгоор биш, хүмүүсийн хоорондын итгэл алдалт, хуйвалдаанаар суурь нь тавигдан, бэхжин баригдсаар байна.
Нийгмийн бухимдал зарчимгүй байдлаас үүсдэг. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг монгол үг өнөөдөр төрийн амьдралд хүртэл шууд хамаатай болжээ. Дээрээ зарчим нь тодорхой биш, хариуцлагын зааг нь бүдгэрсэн байхад доод шатанд эмх цэгц, шударга ёс тогтоох амаргүй.
Төр, засгийн удирдлага дээр албан тушаалын хуваарилалт гэгч зүйл зарчимгүй, хариуцлагагүй болж, хэн хэндээ ямар өртэй, хэн хэний дэмжлэгээр хаана ямар албан тушаалд очсон гээд л олон сүлжээ сүлбээ ихсэж, ингэх тусам төрийн шийдвэрт итгэх иргэдийн итгэл сулардаг. Тэгээд эцэст нь “төрийн тууштай бодлого”-с илүү ханцуй дотроо тохиролцдог, албан тушаал наймаалцдаг, эрх мэдлээ харилцан хамгаалдаг улс төрийн бусармаг дүр зураг олон нийтэд ил харагдаж, нийгмийн бухимдлын гол шалтгаануудын нэг болоод байна.
Улс төрийн нам гэдэг угтаа ижил үзэл санаа, зорилгын төлөө нэгдсэн сайн дурын байгууллага. Харин намын удирдлага өөрийн гишүүддээ, УИХ дахь намын бүлэгтээ итгэхээ больж, тэднийгээ зангидан цэгцэлж чадахаа болихоор намын дотоод ардчилал, сахилга, хариуцлага бүрэн сулардаг. Харамсалтай нь энэ байдал бүх намуудад бий болжээ. Ийм сул дорой удирдлагатай болсон намд гишүүдээ бодлого, зарчмаар нэгтгэн удирдах боломж хомсдож, цөөн хүний хүрээлэлд түшиглэн, өөртөө “үнэнч” болгосон хүмүүсийг албан тушаалд тавих сонирхол давамгайлж, тэдгээр хүмүүсээр өөрийгөө хамгаалуулсан хана хэрэм босгодог болсоор удаж байна.
Ингээд арга барагдахдаа өөр намыг урьж Засгийн газартаа оруулан, улс төрийн хариуцлагын заагийг тодорхойгүй болгож бүдгэрүүлдэг аргатай боллоо. Энэ нь зөвшилцөл нэртэй боловч үнэн хэрэгтээ өөрийн намын доторх итгэлцэл, удирдлагын чадвар, улс төрийн хариуцлага алдагдсаныг нуух арга, хуйвалдаан болж хувирдаг.
Энэхүү хачин бөгөөд хортой уламжлалын эхлэлийг 2008 оны сонгуулийн жишээнээс эргэн харж болно. Тухайн сонгуулиар МАХН 46, АН 27 суудал авч, МАХН УИХ-д олонх болсон байсан цаг. Үндсэн хуулийн зохицуулалтаар олонх болсон нам засаглах эрхтэйгээ хамт ард түмний өмнө хариуцлага хүлээх тодорхой мандат авсан байв. Гэтэл тухайн үеийн намын дарга С.Баяр намынхаа Их хурал дээр “Би хамтарсан Засаг байгуулах асуудлыг хэнтэй ч зөвлөөгүй, өөрийн намын гишүүдтэйгээ ч ярилцаагүй, шууд оруулж ирж байна” хэмээн мэдэгдэж, хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэр гаргасан бөгөөд тэр үед нэг хүний шийдвэрийг нийтээр даган баясах, удирдагчийг шүүмжлэлгүй дагах хандлагыг газар авахад нөлөөлсөн нь муу зуршил болон үлджээ.
Олонх болсон нам сөрөг хүчинтэйгээ хамтран засаг барьсан энэ явдал Монголын улс төрд “стандарт бус” хамтарсан Засгийн газар хэмээх дэлхийд байхгүй, ойлгомжгүй хачин нэр томьёог хэрэглэдэг жишгийг тэрээр бий болгосон юм. “Стандарт бус” гэдэг нь өөрөө туйлын хариуцлагагүй ойлголт-нэршил. Стандартгүй эм хэрэглэвэл яах вэ? Стандартгүй хүнс хэрэглэвэл яах вэ? Стандартгүй машин замд явбал яах вэ? Түүн шиг “стандарт бус Засгийн газар” гэдэг нь хууль, зарчим, хариуцлагын тодорхой заагийг бүдгэрүүлж, зөвхөн улс төрийн тохиролцоонд тулгуурласан засаглал бий болгож, эрсдэл дагуулсан хэрэгсэл болсон юм.
Энэхүү “стандарт бус” Засгийн газар, түүний үед гарсан шийдвэрүүд Монгол Улсад асар их хохирол дагуулсан гэж үзэх үндэслэл бий. Энэ талаар баримт, нотолгоонд тулгуурлан нухацтай дүгнэх шаардлагатай.
Нэгдүгээрт, 2008 оны долоодугаар сарын 1-ний эмгэнэлт явдлын улмаас таван хүний амь нас хохирч, олон жирийн иргэн, хууль сахиулах байгууллагын алба хаагчид гэмтэж бэртсэн. Энэ аймшигт үйл явдлын дараа улс төрийн хүчнүүд хамтран Засгийн газар байгуулсан нь тухайн үеийн үйл явдлын улс төрийн хариуцлага, үр дагаврыг бүдгэрүүлж, тэр нь өнөөдрийг хүртэл маргаан, асуулт дагуулсаар байна. Тиймээс долоодугаар сарын 1-ний үйл явдалд хүргэсэн шалтгаан, тухайн үеийн улс төрийн шийдвэрүүд, хариуцлагын асуудлыг бодит баримтад тулгуурлан бүрэн дүгнэх шаардлага хэвээр байна.
Хоёрдугаарт, ард иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэл, УИХ-аас гарсан тодорхой шийдвэр, чиглэлүүдийг үл харгалзан Оюутолгойн гэрээг байгуулах үйл явцад стандарт бус гэгч Засгийн газар манлайлан улс төрийн хүчнүүд хамтран оролцож гэрээ байгуулсан. Миний бие УИХ болон Засгийн газрын Ажлын хэсгийг ахлан, Оюутолгойн төслийн үйл ажиллагаанд гүнзгий шалгалт оруулж байсны хувьд, мөн тодорхой гишүүдийн хамтаар 2009 оны Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахын төлөө тууштай тэмцэж ирсэн. Бидний ахалсан Ажлын хэсэг маш сайн, хариуцлагатай ажиллаж, үндэслэл бүхий санал дүгнэлтүүдийг гаргаж УИХ-д өргөн барьсан юм. Хэрэв бидний гаргасан тэрхүү санал, дүгнэлтүүдийг тухайн үед нь хэрэгжүүлсэн бол нөхцөл байдал хүндрэх хэмжээнд хүрэхгүй байсан. Харамсалтай нь, бидний гаргасан санал дүгнэлтийг хэрэгжүүлэхээс татгалзан эсэргүүцэж, улмаар 'Дубайн төлөвлөгөө' мэтийн шийдвэрүүдээр бидний дүгнэлтийг үгүйсгэх асуудлууд дараалан гарсан. Бид гаргасан санал, дүгнэлтийнхээ үнэн мөний төлөө цаг ямагт тэмцсээр ирсэн ч, эцсийн үр дүнд хүрэхэд заавал ямар нэгэн саад тотгор хөндлөнөөс гардаг. Энэ бүхний цаана улс төрийн намуудын фракц болон үндэстэн дамнасан бүлэглэлүүдийн асар том ашиг сонирхлын сүлжээ оршин байгаатай холбоотой гэж би дүгнэдэг.
Өнөөдөр Оюутолгойн гэрээний үр өгөөж, өр төлбөр, зардал, Монголын талд ногдох бодит ашиг, үндэсний эрх ашгийг хэрхэн хамгаалсан талаар олон асуулт нээлттэй байгааг засаж залруулахын төлөө ажиллаж байгаа нь зөв зүйтэй гэж дэмжиж байгаа. Монголын ард түмэн эх орныхоо баялгаас бодитой, шударгаар үр өгөөжөө хүртэх ёстой. Хамтарсан засаг нэрийн дор Монгол Улсын язгуур эрх ашиг, эв нэгдэл гэж ярьж халхавчилдаг ч сонгууль хийж нэг нь ялж, нөгөө нь ялагддаг байхад ялагдсан талтайгаа дураараа хамтраад байх юм бол сонгууль явуулах ямар ч шаардлагагүй шүү дээ. Хэн нь ч олонх болоогүй тохиолдолд намууд зөвшилцөж, Засаг байгуулах нь парламентын тогтолцооны хэвийн зарчим. Харин нэг нам дангаараа олонх болсон бол тэр нам өөрийн авсан мандатынхаа дагуу засаглаж, хийсэн ажлынхаа төлөө өөрөө гавьяа, шагнал, хариуцлага хүлээх нь ардчиллын суурь логик юм. Гол асуудал нь хэн ард түмнээс ямар мандат авсан бэ, тэр мандатынхаа дагуу хэн засаглаж, хэн хяналт тавьж, хэн хариуцлага хүлээх вэ гэдэгт оршиж байдаг.
Гэтэл энэ хачин уламжлал үргэлжилж, зуршил болсоор 2024 оны сонгуулийн дараа ч хамтарсан Засгийн газар ахиад байгуулагдсан. Сонгууль болохоос өмнө хоёр нам хоорондоо тохиролцож, цаашид хамтрах тухай ярилцсан гэх яриа нийгэмд багагүй гарсан. Үүний цаана УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлсэн боломжийг ашиглаж, намын жагсаалтын 48 суудлыг өөрсдийн үгнээс гарахгүй аялдан дагагчид, хамаатан садан, ураг төрлийн болон санхүү бизнесийн холбоотой хүмүүсээ жагсаалтанд оруулсан гэсэн шүүмжлэл ч нийгэмд хэвлэл мэдээллээр их гарч байна. Төр, намын ажилд нэг ч өдөр ажиллаж байгаагүй, бүр ямар намд элссэнээ УИХ-ын гишүүн болсныхоо дараа мэдсэн гэх хүн ч гарч ирсэн тухай яригддаг. Иймэрхүү албан тушаалын наймаа, хувийн ашиг сонирхлын томилгоо газар авсан гэх шүүмжлэлийг зүгээр нэг үл тоож болохгүй. Учир нь энэ бол зөвхөн тухайн хүний асуудал биш, парламентын төлөөллийн чанар, намын дотоод ардчилал, төрийн хариуцлагын асуудал юм.
Намын жагсаалт ард түмний сонголтыг өргөжүүлэх ёстой болохоос "намын дарга нарын хувийн томилгооны жагсаалт" болгож болохгүй. Иргэдийн шууд саналаар сонгогдоогүй, намын удирдлагын шийдвэрээр төр, засгийн ажлын туршлага багатай хүмүүс жагсаалтад дээгүүр байр эзэлж, парламентын гишүүн болж, улмаар төрийн өндөр албан тушаалд очих нөхцөл бүрдвэл "төрийн хариуцлага" улам их орхигдоно. Тийм учраас намын жагсаалтад залуу, дунд, ахмад үеийн төлөөллийг ажил, амьдралын туршлага, мэдлэг чадвар, ёс зүй, залуу үеийн шинэлэг сэтгэлгээг хослуулан шударгаар оруулах нь маш чухал юм.
Нөгөө талд сөрөг хүчин өөрөө эрх мэдэл, албан тушаалын төлөө эрх баригчидтайгаа уусаад эхэлбэл тэд ард түмнийг төлөөлөн хяналт тавих биш, албан тушаал өгсөн эзэндээ үнэнч үйлчлэх хэрэгсэл болж хувирдагийг бид олон удаа харсан.
Төрийн өндөр албан тушаалд хэн очиж байгаа нь амин чухал. Олон жил хөдөлмөрлөж, иргэдийн итгэлийг авч, бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө сонгуульд өрсөлдөж ирсэн хүмүүс байхад ямар нэгэн бүлэглэл, танил тал, улс төрийн дэмжлэгээр туршлага, мэдлэг дутмаг хүнийг шууд өндөр албан тушаалд гаргах үзэгдэл бий болбол "төрийн мөн чанар" өөрөө доройтно.
Энд залуучуудыг нийтэд нь буруутгаж болохгүй. Монголын залуучуудын дотор үнэхээр бахархмаар хүмүүс олон бий. Монгол ёс заншил, түүх соёлоо мэддэг, өндөр боловсролтой, дэлхийн хэлээр ярьдаг, дэлхийн хэмжээнд сэтгэдэг, шинэ технологи эзэмшсэн, шударга хөдөлмөрөөрөө амьдралаа бүтээхийг хүсдэг олон сайхан залуус байна. Тэд Монголын асуудал биш, харин ч Монголын том боломж. Асуудал нь тэднийг ямар орчинд ямар нөхцлөөр улс төрд оруулж, ямар үнэт зүйлээр төлөвшүүлж, хариуцлагатай улстөрч болгож чадаж байна уу үгүй юу гэдэгт учир нь байгаа юм. Залуу хүний туршлагагүйг нь ашиглан хэн нэгний гар хөл болгох биш, өөрийн гэсэн байр суурьтай, зарчимтай, эх орныхоо өмнө хариуцлага хүлээдэг "төрийн шинэ үе" болгон бэлтгэх ёстой. Намууд сайн боловсорсон хүнээ бэлдэх үүрэг ч хүлээх ёстой.
Ахмад үеийн амьдралын туршлага, дунд үеийн хариуцлага, залуу үеийн шинэ мэдлэг, эрч хүчний гинжин холбоо зөв холбогдож чадвал Монголд маш том боломж бий. Харин үе үеийг хооронд нь сөргөлдүүлж, залуусыг ахмадын эсрэг тавьж, намын шугамаар хүмүүсийг талцуулж эхэлбэл нийгмийн хана хэрэм, зааг улам өндөрсөнө. Үүн дээр нэмэгдээд улс төрийн ашиг сонирхол, хэвлэл мэдээлэл, цахим орчинд нөлөөлж, хүнийг баримтаар биш нэр хоч, гүтгэлгээр үгүйсгэх явдал газар авбал нийгмийн бухимдал улам нэмэгдэнэ.
Бидэнд хүн биш үйлдлийг нь, амлалт биш үр дүнг нь, цуу яриа биш баримтыг нь хардаг "улс төрийн шинэ соёл" хэрэгтэй байна.
Өнөөдөр хариуцлага тооцохгүйгээр нэг шуугианыг нөгөө шуугианаар дарж, ард түмнийг дуулиан шуугианы далайд живүүлж, ажил хэрэгч, шударга шүүмжлэлээс холдуулах арга тактик хэт их нэвтэрч, газар авч байна. Нэг хэрэг дуулиан тарьж эхлэхэд өөр нэг шинэ хэрэг гарган анхаарлыг нь сарниулна. Харин эхний асуудалд бодитой шалгалт хийж, эцсийн дүгнэлт гарган, хариуцлага тооцсон эсэх нь тодорхойгүй хэвээр үлддэг, санаатайгаар үлдээдэг байх ч гэж боддог.
60 тэрбумын гэх хэрэг, нүүрсний хулгайн асуудал, Хөгжлийн банк болон банк санхүүгийн салбартай холбоотой луйвар, төрийн өмчийн хөрөнгийн ашиглалт, төсвийн мөнгөний зарцуулалт, лиценз олголт, тендер шалгаруулалт, байгалийн баялгийг тойрсон ашиг сонирхлын зөрчил зэрэг олон асуудал олон нийтийн анхаарлын төвд удаа дараа орж ирсэн. Гэвч эдгээр асуудлаар хэн ямар шийдвэр гаргасан, хэн ямар ашиг хүртсэн, хохирол хэдий хэмжээнд учирсан, хариуцлагыг хэнд хэрхэн тооцсон бэ гэдэг асуултад иргэд бүрэн дүүрэн, ойлгомжтой хариулт авч чадаж байгаа юу? Энэ бол хамгийн чухал асуулт юм.
Хэрэг бүрийн үнэн мөнийг баримт, нотолгоо, хараат бус шалгалт, шүүхийн шийдвэрээр тогтоох ёстой. Гэхдээ дээр хэлсэнчлэн аль нэг хэрэг явдал олон нийтийн анхаарлаас гарах хүртэл шуугиан дэгдээгээд, дараа нь намжааж дараагийн шуугианыг дэгдээдэг байж болохгүй. Хэрэг хуучирсанаар, хариуцлага алга болдог байж болохгүй. Иргэдийн ой санамжийг нэг дуулианаас нөгөө дуулиан руу хөтөлж, бодит хариуцлагын асуудлыг замхруулах нь шударга ёсонд итгэх итгэлийг улам сулруулна. Төрийн байгууллагууд асуудал бүрээр юу шалгасан, ямар дүгнэлт гаргасан, ямар шийдвэр хэрэгжүүлсэн, ямар шалтгаанаар хэрэг эцэслээгүй байгааг олон нийтэд ил тод тайлагнадаг байх ёстой.
Хамгийн гол нь төрийн эрх мэдэл эдийн засгийн ашиг сонирхолтой хэт хутгалдах ёсгүй. Авлига, хээл хахууль, албан тушаалын наймаа, лиценз, төсөв, төрийн шийдвэрийг тойрсон ашиг сонирхлын сүлжээний талаар олон жил яригдсаар ирсэн. Ийм зөрчлийн талаар үндэслэл бүхий мэдээлэл, баримт гарсан тохиолдолд нам харгалзахгүй, хүн харгалзахгүй, баримт нотолгоонд тулгуурлан шалгаж, хуулийн дагуу шийдвэрлэх ёстой.
УИХ-ын сонсгол, хяналт шалгалтын үеэр нэр нь дурдагдсан хүн бүрийг шууд гэм буруутайд тооцож болохгүй. Гэхдээ нэр дурдагдсан, үндэслэл бүхий сэжиг, баримт гарсан асуудлыг улс төрийн нөлөөгөөр орхигдуулж ч бас болохгүй. Ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж буй хүмүүс болон УИХ-ын гишүүд ёс зүйн өндөр хариуцлага хүлээх ёстой. Хэрэв өөрийнх нь талаар ноцтой асуудал тавигдсан бол шалгалтад саад учруулахгүй байх, шаардлагатай баримтыг гаргаж өгөх, хуульд заасан журмаар шалгуулахад бүрэн хамтран ажиллах нь зүйтэй. Хуулиар боломжтой тохиолдолд бүрэн эрхээсээ татгалзан шалгуулах нь ч олон нийтэд хариуцлагаа ухамсарлаж буйн илэрхийлэл болж чадна. Өнөөдөр Монголд өөрийн бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулсан хүн гарын таван хуруунд ч хүрэхгүй байгаа болов уу.
УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хууль тогтоох байгууллагын хараат бус байдлыг хамгаалах зорилготой болохоос хэн нэгнийг шалгалтаас ангид байлгах, хариуцлагаас зугтах халхавч байх ёсгүй. Хэрэв бүрэн эрхийн асуудал шалгалтад саад болж байгаа бол түүнийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх шаардлагатай. Ард түмэн, намыхаа итгэлээр сонгогдсон хүн өөрийн нэр төр, шударга байдлаа хамгаалах хамгийн зөв арга нь шалгалтаас зугтах биш, харин баримтаар үнэнийг тогтоолгох явдал юм. Энэ бол зөвхөн нэг гишүүний асуудал биш, парламентын нэр хүндийн ба хууль дээдлэх зарчмын асуудал юм. Мөн намын нэр хүндийн ч асуудал.
Хариуцлага алдсан, хулгай, луйварт оролцсон нь баримт, нотолгоо болон хуулийн шийдвэрээр тогтоогдсон хүмүүсийг нэр, албан тушаал, үйлдэлтэй нь тодорхой ярьж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой. Харин манайд хууль хяналтын байгууллагаар шалгуулж, ял шийтгэл авсан хүмүүс хүртэл өөрсдийгөө “хэлмэгдэгсэд, гэм буруугүй хүмүүс” мэтээр ярьж, улмаар улс төрийн нөлөөгөө бэхжүүлэн, албан тушаал ахиж, “ялсан баатрын дүр”-д тоглох явдал гаарсаар л байна. Энэ бол зөвхөн инээдтэй төдий зүйл биш, шударга ёсыг гутаасан, нийгмийг доромжилсон зүй зохисгүй зүйл.
Мэдээж хэрэг, хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэр гараагүй хүнийг гэм буруутайд тооцож болохгүй. Хууль бус шийдвэрийн улмаас хэлмэгдсэн бол хүн өөрийгөө хамгаалж, шударга ёс нэхэх эрхтэй. Харин гэм буруутай нь хууль ёсны журмаар буруутай нь тогтоогдсон бол улс төрийн нөлөө, намын хамгаалалтаар хариуцлагаас зугтах ёсгүй. Хууль хүн бүрт адил үйлчлэхгүй бол төрийн нэр хүнд, иргэдийн итгэл хоёулаа сэргэхгүй.
Зөвхөн буруутай хүнийг олж шийтгэх биш, харин ийм “сүлжээ дахин бий болох боломжгүй тогтолцоог бүрдүүлэх” нь хамгаас чухал.
Төрийн томилгоо ил тод, шалгууртай байх ёстой. Намын жагсаалтад нэр дэвшигчдийг намын дарга нарын үзэмжээр бус, гишүүдийн оролцоо, олон нийтэд нээлттэй шалгуур, мэргэжил, ёс зүй, туршлагад үндэслэн сонгох ёстой. Намын дотоод ардчилал, ашиг сонирхлын зөрчил тодорхой байж, төрийн шийдвэрийн цаана хэн, ямар ашиг сонирхолтой оролцсоныг иргэд мэдэх боломжтой байх ёстой.
Ард түмэн замбараагүй байдлыг хүсээгүй. Хүмүүс шударга хөдөлмөрөөрөө амьдралаа сайжруулахыг, үр хүүхэд нь чанартай боловсрол эзэмшихийг, төрийн байгууллагад очиход танил тал биш хууль үйлчлэхийг хүсэж байна. Ийм энгийн хүсэл биелэхгүй удах тусам бухимдал бий болж байна. Төрийн дээрх замбараагүй байдлыг цэгцлэхгүйгээр нийгмийн доорх бухимдлыг намжаах боломжгүй.
Би энэ үнэнийг хэлэхдээ хэн нэгэн хувь хүнийг үндэслэлгүйгээр онилж байгаа юм биш. Олон жил төр, нийгмийн ажилд оролцож шударгаар ажиллаж явсан хүний хувьд өөрийн харсан, ойлгосон зүйлээ хэлж байна. Төрд ажиллаж байсан хүн зөвхөн дарга нарыг магтаж суух биш, буруу гэж үзсэн зүйлээ цаг тухайд нь хэлж чаддаг байх ёстой. Ардчилсан, эрх чөлөөтэй нийгэмд өөрийн байр суурь, бодол санаагаа илэрхийлэх нь миний иргэний эрх. Энэ бүх бусармаг зүйлийг эсэргүүцэж, намын болон төрийн ажлыг сайжруулах, нам дотроо эв нэгдэлтэй болж, хүчтэй удирдлагыг бий болгоход дуу хоолойгоо хүргэх нь миний ариун үүрэг гэж би итгэдэг.
Монгол Улсад өнөөдөр хувийн ба намын ашиг сонирхлоос дээгүүр ард түмэн, төрийн эрх ашгийг тавьдаг, албан тушаалд очсон бол нэр төртэй ажилладаг, Монголын ирээдүйгээ боддог улс төрийн соёл хэрэгтэй байна.
Иймээс урьд өмнө элдэв яриа хэлцэл, лицензийн наймаа, байгалийн баялгийг ухахтай холбоотой хуйвалдаанд нэр холбогдож байгаагүй, харьцангуй цэвэр нэр хүндтэй, шинэлэг сэтгэлгээтэй залуу намын дарга, Ерөнхий сайд улс төрийн зоригтой алхам хийхийг хүсэж бас найдаж байна.
Гэхдээ залуу байх нь өөрөө хангалттай шалгуур биш. Шударга ёс, мэдлэг чадвар, зарчим, бие даасан байр суурь, хариуцлага хүлээх зориг л жинхэнэ удирдагчийг тодорхойлох ёстой. Шударга зарчим, ёс суртахуун, ёс зүйтэй, ажил хэрэгч залуу, дунд, ахмад үеийн гинжин холбоог бий болгож, тэднийг нэг зорилгод зангидан удирдах нь чухал. Намын дарга, төрийн удирдлагууд өөрсдийнхөө дагуулуудыг дагуулахын оронд намын гишүүддээ итгэж, тэдний үзэл бодлыг сонсон, зарчимтай хүмүүсээр багаа бүрдүүлж, намын жагсаалтыг хувийн томилгооны хэрэгсэл болгохоо зогсоох ёстой.
Төгсгөлд нь хэлхэд "Берлиний хана" надад нэг зүйлийг сургасан юм. Хүмүүсийн хооронд босгосон хана мөнх байдаггүй. Гэхдээ ханыг нураахын өмнө бид өөрсдөө ямар хана босгосноо шударгаар харах хэрэгтэй!
Монголд өнөөдөр бидэнд нэмж шинэ хана, хэрэм хэрэггүй. Харин эрх мэдэл ба хариуцлагын зааг, эрх баригч ба сөрөг хүчний үүргийн зааг, төр ба хувийн ашиг сонирхлын зааг, намын ашиг сонирхол ба улсын эрх ашгийн зааг тодорхой байх хэрэгтэй байна. Хана хүмүүсийг тусгаарладаг бол “зөв зааг харин хариуцлагыг улам илүү тодорхой болгодог”.
Монгол Улс өнөөдөр буруу шийдвэр гаргасан хүмүүс, түүнийг дэмжсэн улс төрийн удирдлагууд, ашиг хүртсэн бүлэглэлүүдийн хариуцлагыг тодорхой тавьж, төрийн дээрх эмх замбараагүй байдлаа цэгцлэх шаардлагатай байна.
Дээрээ суудлаа олж, хууль ёс, хариуцлага, шударга ёс тогтоовол доороо гүйдлээ олж, улс орон маань хөгжих боломжтой.
Төрийн эрх мэдэл цөөн хүний тохиролцооны хэрэгсэл биш, ард түмний итгэлийг хэрэгжүүлэх хариуцлага болгох цаг нэгэнт болжээ.
Энэ бол хэн нэгний эсрэг үг биш. Монголын төрийг Монголын ард түмэнд нь эргүүлэн итгүүлэх тухай үг гэж итгэж байна!
Дэндэвийн Тэрбишдагва