Трампын шилний цаанаас чихэр долоолгох үлгэр

Трампын шилний цаанаас чихэр долоолгох үлгэр

 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп шилний цаанаас чихэр долоолгодог үлгэрийн адилаар Ираны дайн өнөө мөдгүй дуусна гэж удаа дараа бүх дэлхийг хошгорууллаа. Дайны хэлбэр маяг анх эхэлснээсээ хойш өөрчлөгдсөөр байгаа ч Трампын суртал ухуулга, өгүүлдэг үлгэр домог нь бахь байдгаараа. АНУ бүхнийг хянаж байгаа, Ираны арми сүйрсэн, бүх зүйл тун удахгүй дуусна гэсэн үгсийг Трамп давтсаар байна.

Олон хэлбэл улиг, цөөн хэлбэл билиг гэдэгчлэн сүүлдээ түүний амлалтад итгэж болох эсэх нь ч бүрхэг болж байна. Трамп хүмүүсийн хандлагаас хамаарч хэлэх үгээ өөрчилж болох ч огт тэгсэнгүй. Тэр анхны зохиолоосоо огт хазайгаагүй хэвээр байна.

1.Бүх зүйл тун удахгүй дуусна

Трамп ердөө өнгөрсөн долоо хоногт Жоржиа мужийн Бүгд найрамдах намаас нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд үг хэлэхдээ "Тун удахгүй дуусна" гэдэг үгээ хэлсэн. Мөн долоо хоногт "PBS"-д өгсөн ярилцлагадаа "Дайн дуусах боломж бий. Хэрэв дуусахгүй бол бид тэднийг үнсэн товрог болтол нь бөмбөгдөх хэрэгтэй болно" гэжээ.

АНУ, Израиль улсууд Иранд анх довтолсноос хойш Трамп энэ үгийг хэлж байна. "CNN"-ийн "Inside Politics" нэвтрүүлэг өнгөрсөн сард Трампын "Дайн удахгүй дуусна" гэх үгийг хэлсэн тохиолдол бүрийг нэгтгэн харуулжээ. Үүнээс хойш тэр дахин олон удаа энэ үгээ хэлжээ.

2.Энэ бол зүгээр л түр зуурын саатал, бараг л аялал, багахан сөргөлдөөн

Трамп Иран дахь дайныг эхлүүлэхдээ Конгрессоос зөвшөөрөл аваагүй. Гэсэн хэрнээ тэр үүнийг дайн гэж тодорхойлохын оронд арай хөнгөн, хялбар зүйл гэж итгүүлэхийг илүүд үздэг. Тэр өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ "Би үүнийг сөргөлдөөн гэж нэрлэж байгаа, сөргөлдөөн шүү дээ. Бид итгэмээргүй сайн байгаа" гэж хэлжээ. Сөргөлдөөн гэж үгийг ашиглаж байгаа нь нэг талаасаа шинэлэг юм.

Мөн тэрбээр гуравдугаар сарын 7-нд мэдэгдэл хийхдээ "Энэ бол өнгөрсөн 47 жилийн хугацаанд хийчих ёстой байсан юмыг хийж буй аялал шахуу зүйл. Бид бага зэрэг тойруу замаар явсан. Үр дүнгээ ч маш сайн өгч байна" гэжээ.

3.Бид Ираны армийг устгасан

Трамп хэдхэн хоногийн өмнө "Тэдэнд тэнгисийн цэрэг байхгүй, бүрмөсөн устсан. Агаарын хүчин ч байхгүй, бүрмөсөн устсан. Зенитийн хүчин чадал байхгүй, бүрмөсөн устсан. Радар байхгүй. Удирдагч нь байхгүй. Бүгд устсан. Бүх зүйл дууссан. Гэтэл сонин уншихаар тэднийг ямар сайн байгаа талаар бичсэн байх юм. Тэд огт сайн биш байгаа" гэж хэлсэн юм.

Дөрөвдүгээр сарын 7-ны гал зогсоох хэлэлцээрээс өмнө ч тэр, дараа нь ч тэр Трамп энэ үгсийг уйгагүй хэлж буй.

Гуравдугаар сарын 20-нд тэр сэтгүүлчидтэй уулзахдаа "АНУ үндсэндээ ялсан" гэж мэдэгдсэн байдаг. Тухайн үед тэр "Бид тэдний тэнгисийн цэрэг, агаарын хүчнийг устгасан. Зенитийн пуужингуудыг нь жагсаалаас гаргасан. Бид бүх зүйлийг нь устгасан. Бид чөлөөтэй хийх юмаа хийж байна. Тэдний хийж чадах зүйл нь зөвхөн Ормузын хоолойг хаах. Харин цэрэг арми талаасаа тэд хэдийнэ дууссан" гэж хэлж байжээ.

4.Ираны удирдлагууд хэлэлцээ хийхийг хүсч байна

Иран, АНУ-ын хэлэлцээ дайны туршид янз бүрийн таамаглалын сэдэв боллоо. Пакистаны зуучлагчдын санал болгосон олон заалттай төлөвлөгөө нь одоо илүү энгийн зарчмуудын нийлбэр болж хувираад буй. Зарим мэдээлэлд дурдсанаар сүүлийн хувилбар нэгхэн хуудсанд багтаж байгаа гэх ч Трамп үүнийг үгүйсгэжээ.

Мөн Ираны цөмийн хөтөлбөрт урт хугацаандаа юу тохиолдох нь тодорхойгүй хэвээр байна. Трамп "Энэ дайны гол зорилго нь Ираныг хэзээ ч цөмийн зэвсэгтэй болгохгүй байх явдал" гэж удаа дараалан мэдэгдсэн билээ.

Гэхдээ Трамп юу юунаас илүү "Ираны удирдлагууд хэлэлцээ хийхийг хүсч байна" гэх үгийг хэлэх дуртай. "Тэд хэлэлцээ хийхийг хүсч байна. Бид сүүлийн 24 цагийн турш маш сайн ярилцлаа, бид тохиролцоонд хүрэх бүрэн боломжтой" гэж Трамп хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Харамсалтай нь одоог хүртэл бодитоор хэрэгжсэн ямар ч хэлэлцээр алга.

Нэгэн үе Трамп "Дайн төлөвлөгөөний дагуу явж байна. Бид төлөвлөгөөнөөсөө хэдэн долоо хоногоор түрүүлж явна" гэдэг байсан ч одоо энэ үгээ ашиглахаа больжээ.

5.Трамп юу ч хийсэн Обамагаас илүү

Трамп Обамагийн засаг захиргааны үед Иран болон бусад улсын хооронд байгуулсан цөмийн хэлэлцээрийг ярьсаар л байна.

Хамгийн сүүлд тэр өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ "Бусад ерөнхийлөгч үүнийг хийчих ёстой байсан юм. Тэд 47 жилийн турш энэ тэнэг хүмүүстэй (Ираны удирдагчид) тоглож ирлээ. Ихэнхдээ л тэнэгүүд байдаг юм. Үүнийг Обама дуусгах ёстой байсан. Гэтэл тэр эсрэгээр нь хийсэн. Обама тэдэнд бэлэн мөнгө өгдөг байсан. Бүр онгоц дүүрэн мөнгө илгээсэн. Боинг 757 онгоцны суудлыг нь аваад 1.7 тэрбум ам.долларыг бэлнээр ачсан байсан" гэж хэлжээ.

Обамагийн үеийн хэлэлцээрийн бодит баримтуудыг гуйвуулсан энэ мэт мэдэгдэл бол Трампын байнгын ярианы сэдэв.

Тэр дөрөвдүгээр сарын 20-нд цахим сүлжээндээ "Бидний байгуулж буй хэлэлцээ Барак Хуссейн Обама болон унтаа Жо Байден нарын хийсэн, манай улсын аюулгүй байдалд харшилсан хамгийн муу хэлэлцээрүүдийн нэг болох ‘JCPOA’-аас хамаагүй дээр байх болно" гэж бичжээ.

6.Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэхийн тулд хийсэн бүхэн үнэ цэнтэй

Дайн эхлэхээс өмнөх тагнуулын мэдээллүүдийг харвал Иран цөмийн зэвсэгтэй болоход ойрхон байна гэж батлах зүйл үнэндээ байгаагүй аж. Гэвч цөмийн дайнаас зайлсхийхийн тулд энэ дайн зайлшгүй шаардлагатай байсан гэж Трамп маргадаг.

Тэрбээр "Би та нарт хэлье. Ойрхи дорнод сүйрч, Израиль байхгүй болно. Тэдний овоо хараа эхлээд Европ руу, дараа нь бидэн рүү чиглэх байсан. Учир нь тэд бол өвчтэй хүмүүс. Бид галзуу солиотой хүмүүст цөмийн зэвсэг эзэмшүүлж болохгүй" гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.

Энэ мэтчилэн Трампын тууштай мэдэгдлүүд сүүлдээ зохиол уу, үнэхээр хэлэлцээрийн талаарх шинэ мэдээлэл үү гэдэг нь ялгагдахаа болиод байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen