“Ногоон автобус”-ны хэрэгт А.Ганхуягт 40 сая төгрөгийн торгох ял оногдуулжээ

“Ногоон автобус”-ны гэх тодотголтой хэрэгт холбогдсон “Тэнүүн-Огоо” компанийн захирал асан А.Ганхуягт залилах гэмт хэрэгт холбогдуулан 40 сая төгрөгийн торгох ял оногдуулжээ.
Тодруулбал, А.Ганхуяг нарт холбогдох авлига, залилах гэмт хэргийг өмнө нь шүүхээр хэлэлцэж, А.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон гурван жилийн хорих ял оногдуулсан. Тэрээр одоо уг ялаа хорих байгууллагад эдэлж байгаа юм.
Харин шүүхээс залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг прокурор эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд хандсан байна. Улсын дээд шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авснаар уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
Улмаар шүүх 2026 оны арваннэгдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд хэргийг дахин хэлэлцэж, А.Ганхуягийг залилах гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд тооцон 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. Гэхдээ цагдан хоригдсон нэг хоногийг торгуулиас хасаж, төлөх дүнг 39.985 сая төгрөгөөр тогтоожээ.
Шүүх шийдвэр гаргахдаа нийт 88.45 тэрбум төгрөгийн хохирлыг А.Ганхуяг хувийн болон компанийн хөрөнгөөр нөхөн төлж барагдуулсан, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, хувийн байдал болон ялыг хөнгөрүүлэх бусад нөхцөлийг харгалзан үзсэн байна.
Харин БНСУ-ын иргэн Ким Кэа Баумд 35 сая, Ли Жон Собд 30 сая, Ж.Эрдэнэбатад 20 сая төгрөгийн торгох ял оногдуулжээ. Ч.Мөнхбаярт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, нэг жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн байна.
Ингэснээр А.Ганхуяг өмнөх авлигын гэмт хэрэгт оногдуулсан гурван жилийн хорих ялаа үргэлжлүүлэн эдлэх бөгөөд залилах гэмт хэрэгт оногдуулсан торгуулийг тусад нь төлөхөөр болж байна.
Нийслэлийн прокурорын газраас залилах гэмт хэрэгт хорих ял оногдуулах санал гаргасан боловч шүүхээс торгох ял сонгосон нь анхаарал татаж байна.