Урьд өмнө байгаагүй бүслэлт: АНУ-ын хориг арга хэмжээнээс үүдэлтэй дээд хэмжээний хохирлын талаар Куба улс НҮБ-д мэдээлэв


Зохиогч: Эмилио Певида Пупо, Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
АНУ-ын эдийн засаг, худалдаа, санхүүгийн хоригийн талаарх Кубын НҮБ-д өгсөн тайланд 2025 оны 3-р сарын 1-нээс 2026 оны 2-р сарын 28-ны хооронд нийт 8,083.3 сая ам.долларын хохирол учирсан нь сүүлийн зургаан арван жилийн хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт юм. "Хамгийн их дарамт"-ын бодлогод газрын тосны хангамжийг боомилох, гуравдагч орнуудыг шийтгэх зорилготой 2026 оны хоёр гүйцэтгэх захирамж багтсан болно. Олон улсын хамтын нийгэмлэг аравдугаар сард хоригийн эсрэг шинэ тогтоолын талаар санал хураалт явуулах гэж байгаа бол Гавана нийгмийн үймээн самууныг өдөөж, дэглэмийг өөрчлөх зорилготой гэж анхааруулж байна.
Урьд өмнө байгаагүй их хохирол
2026 оны 1-р сарын 8-нд Ерөнхийлөгч Дональд Трамп: "Тус улс руу цөмрөн орж, сүйтгэхээс өөрөөр үүнээс илүү шахалт үзүүлэх боломжтой гэж би бодохгүй байна" хэмээн мэдэгджээ. Тайланд энэхүү мэдэгдлийг иш татан, уг стратегийг зүгээр нэг бүслэлт бус, харин эдийн засгийн бүх талын дайн гэж тодорхойлсон байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кубын олж болох "гарц бүрийг хаах"-ыг зорьж буйгаа хүлээн зөвшөөрсөн аж.
Эрчим хүчний хориг арга хэмжээ
2026 оны 1-р сарын 29-ний өдөр Вашингтон хот Куба улсыг "ер бусын бөгөөд онцгой аюул заналхийлэл" учруулж байна гэх үндэслэлээр тус улсын эсрэг эрчим хүч, газрын тосны хориг арга хэмжээ тогтоосон 14380 тоот Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зуржээ. Уг зарлигт Куба улсад шууд болон шууд бус замаар газрын тос худалдсан эсвэл нийлүүлсэн аливаа улсаас орж ирэх импортын бараанд нэмэлт татвар ногдуулахыг зөвшөөрсөн байна. Энэхүү алхам нь олон улсын эрх зүй, хүний эрх болон хамтын шийтгэлийг хориглосон Женевийн дөрөвдүгээр конвенцын 33-р зүйлийг зөрчсөн хамтын шийтгэлийн шинжтэй үйлдэл юм.
2026 оны 5-р сарын 1-ний өдөр гарсан 14404 тоот Гүйцэтгэх захирамж нь Кубын эрчим хүч, уул уурхай, санхүү, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт үйл ажиллагаа явуулдаг гадаадын хувь хүн эсвэл хуулийн этгээдүүдэд чиглэсэн хоёрдогч хориг арга хэмжээг хэрэгжүүлэх замаар тус улсын хил дамнасан хориг арга хэмжээний хүрээг улам өргөжүүлсэн. АНУ нь өөрийн зах зээл болон санхүүгийн системд нэвтрэх боломжоо алдахаас айх айдас дээр дөрөөлөн Кубыг орлогоос нь салгах, улмаар цэргийн ажиллагаа явуулах зэрэг цаашдын арга хэмжээг хэрэгжүүлэх үндэслэл болохуйц эмх замбараагүй байдлыг өдөөхийг зорьж байна.
Терроризмын жагсаалт ба санхүүгийн хавчлага
Тус тайланд Хелмс-Буртоны хууль (ялангуяа түүний III бүлэг) болон 2019 оноос хойш Куба улсыг терроризмыг ивээн тэтгэгч улсуудын жагсаалтад үндэслэлгүйгээр оруулсан явдлыг буруушаажээ. Ийнхүү хуурамч үндэслэлээр ангилсан нь тус улсын олон улсын санхүүгийн үйлчилгээ авах боломжийг хязгаарлаж байна. Куба улс терроризмыг ивээн тэтгэдэггүй бөгөөд харин ч энэхүү гамшгийн хохирогч болж ирсэн төдийгүй олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн юм.
Гуравдагч талуудад заналхийлэх явдал ба Кубын эсэргүүцэл
Эдгээр тушаал нь Куба улсад шатахуун нийлүүлсэн тохиолдолд хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлэх замаар гуравдагч орнуудын бүрэн эрхт байдлыг зөрчиж байна. Хэрэв Куба улсыг сүйрэлд хүргэхийг зөвшөөрвөл бүх бүрэн эрхт улс орон илүү их аюулд өртөх болно гэдгийг уг тайланд анхааруулжээ. Куба улс АНУ-тай тэгш байдал, харилцан ашигтай байдал, бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зарчимд суурилсан, харилцан хүндэтгэл бүхий яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд бэлэн байгаа хэдий ч ямар нэгэн буулт хийхгүй, зарчмаасаа ухрахгүй байр суурьтай байна.
НҮБ-д шударга ёстой нүүр тулах нь
Куба улс 2026 оны 10-р сарын 27, 28-ны өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейд энэхүү хүнлэг бус бодлогыг зогсоохыг уриалсан тогтоолын төслөө өргөн барина. Өмнөх 33 удаагийн тохиолдлын нэгэн адил энэ удаад ч мөн олон улсын хамтын нийгэмлэгийн дийлэнх олонхын, түүнчлэн ард түмний бүрэн эрхт байдал, өөртөө засах эрхийг тууштай дэмжиж ирсэн Монгол зэрэг улс орнуудын дэмжлэгийг хүлээх болно. Өнөөдөр Куба улстай эв санааны нэгдэл үзүүлэх нь шударга ёс, түүхийн өмнөх хариуцлагын илрэл юм; учир нь бүслэлт болон эрчим хүчний хориг арга хэмжээ нь хүний эрхийг бүдүүлгээр, системтэйгээр зөрчиж буй хэрэг мөн. Өөртөө засах эрхээ хамгаалсныхаа төлөө ямар ч ард түмэн ийм шийтгэл хүлээх ёсгүй. Кубын ард түмний тэсвэр тэвчээрийг бүслэлтээр боомилох боломжгүй юм.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen