Куба улсын ерөнхийлөгч огцрох магадлалтай боллоо

Карибын тэнгисийн Куба улсад тог цахилгааны тасалдал, түлшний хомсдол, улс төрийн тодорхойгүй байдал хурцдаж, сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй хүнд хямрал нүүрлээд байна. Энэ нь АНУ, коммунист засгийн газарт нь дарамт шахалт үзүүлж эхэлсэнтэй холбоотой хэмээн шинжээчид үзэж байна.
Өнгөрөгч Баасан гаригт (2026.03.27) АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Куба руу довтлох магадлалтай гэж цухуйлгасан юм. “Би энэ агуу армийг байгуулсан. Үүний хэзээ ч ашиглахгүй гэж би хэлж болох л байсан. Гэхдээ заримдаа ашиглах хэрэгтэй болдог. Тиймээс Куба дараагийнх нь” гэж тэрбээр хэлжээ. Трампын заналхийлэл нь Кубын удирдлагын ирээдүй, улс төрийн өөрчлөлт гарах магадлалтай юу гэх асуултыг олон нийтийн дунд өдөөгөөд байна.
Шинжээчдийн үзэж буйгаар Кубад бодит эрх мэдэл ерөнхийлөгчид биш, Коммунист нам, Фидель Кастрогийн гэр бүл, цэргийн нөлөө бүхий бүтэц, тэр дундаа эдийн засгийн ихэнхийг атгадаг GAESA компанид төвлөрдөг аж. Тиймээс Диас-Канелийг сольсон ч тогтолцоо өөрчлөгдөхгүй байх магадлал өндөр гэж дүгнэж байна.
Кубын 2019 оны Үндсэн хуулиар ерөнхийлөгч огцорвол дэд ерөнхийлөгч Сальвадор Валдес Меса түр үүрэг гүйцэтгэж, дараа нь Үндэсний Ассамблей шинэ ерөнхийлөгчийг томилох зохицуулалттай. Олон улсын шинжээчид АНУ-ын шахалт үргэлжилбэл Диас-Канел огцрох бүрэн боломжтой гэж үзэж байна.
Ч.Юмчирдулам