Эрчим хүчний хямрал нүүрлэж байхад соёлын салбарт 770 тэрбум

Монгол Улс өвлийн ид ачааллын үеэ угтаж, эрчим хүчний станцуудын хүчин чадал, найдвартай ажиллагааны асуудал хөндөгдөж байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, станцууд ачааллаа дийлэхгүй бол хязгаарлалт хийх эрсдэлтэй нөхцөлд төсвийн хөрөнгө оруулалтын гол чиглэл нь энэ салбар байх ёстой.
Гэтэл 2027 онд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт нийт 770.7 тэрбум төгрөгийн төсөв баталжээ. Үүний 319.7 тэрбумыг хөрөнгө оруулалтад, 450.9 тэрбумыг урсгал зардалд зарцуулахаар төлөвлөсөн байна. Шинээр 34 төсөл эхлүүлж, өмнөх 60 төслийг үргэлжлүүлэхээс гадна театр, спортын цогцолбор, аялал жуулчлалын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах аж.
Мэдээж соёл, спорт, аялал жуулчлал хэрэггүй салбар биш. Гэхдээ улс орны эдийн засаг, иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө оруулалтын чиглэлийг хэрхэн тогтоож байгаа нь чухал.
Театр, спортын ордон барих нь хөгжлийн нэг хэсэг байж болох ч цахилгаан, дулаан тасарвал тэр бүх бүтээн байгуулалт ч хэвийн ажиллах боломжгүй. Иргэд өвөл гэрэл цахилгаантай, дулаан орчинд амьдрах баталгаагүй байхад олон шинэ барилга, төсөл эхлүүлэх нь төсвийн бодлогын эрэмбийг эргэн харах шаардлагатайг харуулж байна.
Төсөв гэдэг хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудлаа эрэмбэлэх бодлого юм. Соёлын барилга, спортын цогцолборын төсвийг батлахын зэрэгцээ эрчим хүчний эх үүсвэр, станцуудын шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ямар хэмжээний хөрөнгө шаардлагатайг бодитоор тооцож, гол чиглэлээ тодорхойлох шаардлага бий.
П.Самдан
www.BOLOD.mn
www.BOLOD.mn