Малчдад хайр зарласан сонгуулийн ээлжит “шоу”


Монгол Улс хүн амынхаа тооноос хэдэн арав дахин олон малтай, нүүдэлчин соёл иргэншилтэй орон. Гэтэл хүн амын тал орчим нь төвлөрөн амьдардаг нийслэлд мах өдөр ирэх тусам тансаг хэрэглээ болох шахаж байна. Малын тоо толгой олон ч малчид нь орлогогүй, хэрэглэгчид нь өндөр үнэтэй мах худалдан авдаг энэ гаж тогтолцоог төр хэдэн арван жил засаж чадсангүй.

Өнгөрсөн Лхагва гарагт Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар “Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Хоёр үе шаттай уг аянаар малчдын хөдөлмөрийн бүтээмж, малын ашиг шимийг нэмэгдүүлж, орлого, амьдралын чанарыг сайжруулна гэж танилцуулж байна. Эхний шатанд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, тэжээлийн дэмжлэг, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, малчин өрхүүдийг интернэтийн сүлжээнд холбох зэрэг арга хэмжээ багтжээ.
Гэвч мал аж ахуйн салбарын олон жилийн ужгирсан асуудлыг шийдэхийн оронд малчдад тэжээлийн дэмжлэг, интернэт төхөөрөмж тараах нь хэр оновчтой бодлого вэ. Малчин өрх интернэттэй болсноор малын гаралтай түүхий эдийн үнэ өсөх үү, махны нийлүүлэлт тогтворжих уу, эсвэл малчдын орлого бодитоор нэмэгдэх үү?
Уг нь малчдын орлогыг тогтвортой нэмэгдүүлэхийн тулд малаас гарч буй түүхий эдийг бүрэн ашиглах боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх, борлуулалтын тогтолцоог сайжруулах, зах зээлд нийлүүлэх боломжийг өргөжүүлэх шаардлагатай. Харин хэрэглэгчдийг эрүүл, чанартай хүнсээр хангахын тулд үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, худалдаанд тавих стандарт, хяналтаа сайжруулах нь төрийн хийх ажил. Малчин, хэрэглэгч хоёрын дунд төр байнга зуучлагч болж, сонгуулийн өмнө татаас, хөнгөлөлт амлах нь шийдэл биш.
Хамгийн чухал нь малчдад чиглэсэн ийм төрлийн хөтөлбөрүүд сонгуулийн өмнөх жилүүдэд давтамжтай хэрэгжиж ирсэн явдал юм. Жишээлбэл 2008 онд ноолуурын үнийг тогтворжуулах, 2012 онд ноосны мөнгөн урамшуулал олгох, 2016 онд “Сайн малчин” хөтөлбөр хэрэгжүүлэх, 2020 онд ноолуурын килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гаргаж байв. Харин 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлж, таван жилийн хугацаанд таван их наяд төгрөгийн санхүүжилт олгох бодлого зарласан.
Эдгээр шийдвэрийн зарим нь тухайн үедээ малчдад бодит дэмжлэг болсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ 2008, 2012, 2016, 2020, 2024 он гээд малчдад чиглэсэн томоохон хөтөлбөрүүд сонгуулийн мөчлөгтэй давхцаж иржээ. Одоо 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн “Шинэ цагийн малчин” аян эхэлж байна. Энэ нь малчдын амьдралыг үнэхээр сайжруулах уу, эсвэл сонгуулийн өмнөх улс төрийн ээлжит шоу юу?
Монгол Улсад мал олон байгаа нь дангаараа эдийн засгийн давуу тал болж чадахгүй. Малын гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулж, нэмүү өртөг шингээж, дотоодын болон гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгож байж малчдын орлого нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ бэлчээрийн даац, малын чанар, ашиг шим, мал эмнэлгийн тогтолцоо зэрэг суурь асуудлыг шийдэх шаардлагатай.
Малчдад сонгууль дөхөхөөр хайр зарлаж, дараагийн сонгууль хүртэл мартдаг бодлогоос төр салах цаг болжээ.

П.Самдан
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen