Төрийн өмчит компаниудын татварын нэг хувийн буцаалтыг зогсоож, төсөвт 180 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Номинчимэг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлт болон нийгэмд тустай үйл ажиллагаанд олгодог нэг хувийн татварын хөнгөлөлтийн талаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн Д.Номинчимэг: Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллагуудыг уг хөнгөлөлтөд хамруулахгүй байхаар зохицуулж буйг зарчмын хувьд дэмжиж байна. Өмнө нь энэ байгууллагуул ямар төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж ирсэн бэ. Энэ хөнгөлөлтийг хассанаар ямар үр ашиг гарах вэ?
Ерөнхий сайд Н.Учрал: Татварын нэг хувийн буцаалт хэрэгжиж эхэлснээс хойш төрийн өмчит уул уурхайн компаниудын 2025 оны тайланг харахад 304 аж ахуйн нэгж 103.9 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлсэн. 204 аж ахуйн нэгж, байгууллагад 61.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлүүлсэн. Ирэх жил 180 орчим тэрбум төгрөгийн буцаалт авах байгаа. Тэгэхээр энэ удаагийн төсвийг өргөн мэдүүлэхдээ Ерөнхий сайд өөрийн эрх мэдлээсээ татгалзаж байгааг онцолж хэлье.
Бүх цаг үеийн Ерөнхий сайдууд хэрэгтэй, хэрэггүй туннель, зам санхүүжүүлж явсан шүү. Яг үүнтэй адилхан татвын хөнгөлөлтийн буцаалтын эрх мэдлийг хуульд өөрчлөлт оруулж, тохижуулснаар төсвийн орлогыг 180 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр байна. Ингэж хөнгөлтийг цуцалж, улсын төсөвт нэмээгүй бол үеийн үед сайд нар шиг хувиараа дуудаж уулзаад манай тойрог дээр сургууль, цэцэрлэг барь гэдэг байсан. Улсын төсөвт тусгаад, нэгдсэн төсөвтэй байх ёстой гэж энэ шийдвэрийг гаргасан. Хувийн хэвшлийн татварын буцаалт хэвээрээ” гэж хариуллаа.