Ж.Чинбүрэн: Хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах хуулийн өөрчлөлтийг эцэслэн баталлаа


Өнөөдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
2026 оны тавдугаар сараас эхлэн миний бие тус хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж, олон талын санал, судалгаа, хэлэлцүүлгийн үр дүнд ийнхүү хууль эрх зүйн шинэчлэлийг батлууллаа.
Энэ бол зөвхөн тамхины хэрэглээг хязгаарлах асуудал биш. Хүүхэд, залуусыг никотины хамаарлаас хамгаалах, тамхинаас үүдэлтэй өвчлөл, нас баралтыг бууруулах, ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийг хамгаалах бодлогын шийдвэр юм.
Хуулийн өөрчлөлтийн гол агуулга:
-Электрон, халаадаг болон шинэ төрлийн тамхийг хуулийн зохицуулалтад бүрэн хамрууллаа.
-Тамхины худалдаа, сурталчилгаа, түгээлтэд тавих шаардлага, хяналтыг чангатгалаа.
-Тамхины сав, баглаа боодлын эрүүл мэндийн зурагт анхааруулгыг 70-аас багагүй хувь байхаар тогтоолоо.
-Тамхины онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгалаа.
-Тамхинаас гарах хүсэлтэй иргэдэд зөвлөгөө, эмчилгээ, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хуульчиллаа.
-Тамхин бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, худалдааны бүртгэл, хяналтыг цахимжуулах эрх зүйн үндсийг бүрдүүллээ.Эмч хүний хувьд тамхинаас үүдэлтэй өвчин, шаналал, хүний амь насанд учирч буй хор хохирлыг сайн мэднэ. Тиймээс энэ хуулийн өөрчлөлтийг батлуулах нь миний хувьд онцгой ач холбогдолтой ажил байлаа.
Өнөөдөр баталсан хууль маргаашийн олон хүүхдийг никотины хамаарлаас сэргийлж, олон гэр бүлийг өвчин зовлонгоос хамгаалахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах бүхий л шатанд хамтран ажилласан ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачид, эмч мэргэжилтнүүд, дэмжиж ажилласан Улсын Их Хурлын гишүүддээ талархал илэрхийлье.
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ НЬ ӨВЧИН ҮҮССЭНИЙ ДАРАА ЭМЧЛЭХЭЭС ЭХЛЭХГҮЙ. ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭЭС ЭХЭЛНЭ

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen