О.Номинчимэг: Цагаан дээр хараар үлдсэн Ж.Энхбаяр сайдын үнэн


Монгол Улс Евразийн хэлэлцээрийн хүрээнд ЯНЖУУР ТАМХИНЫ гаалийн татварыг тэглэх нөхцөл үүссэн. Иймд УИХ үүсэх эрсдэлийг арилгах зохицуулалт боловсруулах үүргийг Засгийн газарт өгсөн бөгөөд хагас жилийн дараа Сангийн сайд З.Мэндсайхан энэ асуудлыг УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Өнөөдөр Монгол Улсад импортлогдож буй янжуур тамхины 35 орчим хувь нь Евразийн гишүүн орнуудаас нийлүүлэгдэж байгаа. Хэрэв Евразийн хэлэлцээр хэрэгжвэл энэ тоо цаашид 90 хувьд хүрэх тооцоолол бий. Иймээс хэлэлцээрийн хүрээнд тэглэх гаалийн татварын бууруулалтыг импортын онцгой албан татварыг нэмэгдүүлэх замаар нөхөж, хямд дээрээ улам хямд янжуур тамхитай улс болохгүй байх шаардлагыг тавьж УИХ-ын шийдвэр гарсан.
Гэвч энэхүү хэлэлцээрийг оруулж ирсэн Ж.Энхбаяр сайдаас эл татвар тэглэгдсэн асуудал дээр шаардлагатай зохицуулалт хийхийг нэхэхэд “Энэ миний эрхлэх асуудал биш Сангийн сайдын асуудал” гэж хагас жилийн турш өөрөөсөө зайлуулж ирсэн. Эс үйлдлээрээ асуудлыг гацааж байснаа Засгийн газар асуудлыг оруулах болоход ЭЗХЯ-ны албан бланк дээрээ эрх ашигт хөтлөгдсөн шаардлага үйлдэж Сангийн яамд хүргүүлжээ.
Энд онцлох нэг чухал зүйл бий. Евразийн хэлэлцээрийн хүрээнд яригдаж буй асуудал нь янжуур болон дүнсэн тамхины татварын зохицуулалт. Гэтэл Ж.Энхбаяр сайдын хүргүүлсэн албан бичиг янжуур тамхиар хязгаарлагдахгүй, бүх төрлийн электрон тамхи болон тамхин бүтээгдэхүүний татварын асуудлыг бүхэлд нь хөндсөн нь гайхмаар.
Хамгийн ноцтой нь УИХ-д өргөн баригдсан Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд туссан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүний онцгой албан татварын хэмжээг 5-10 дахин бууруулах, зохицуулалтыг сулруулах саналуудыг Сангийн яаманд хүргүүлсэн нь бүх төрлийн тамхин бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч компаниудын эрх ашигт илүү нийцсэн, тэдгээрийн лоббид бүрэн автсаны нотолгоо гэдгийг та бүхэнд https://d.parliament.mn/.../badac588-7d28-4343-8143... дахь хуулийн төсөл, Ж.Энхбаяр сайдын албан бичиг хоёрыг харьцуулан тунгаана уу. Янжуур тамхины татварын тооцооллыг жишээ болгоход ЭЗХЯ-наас жилд онцгой албан татварыг 10%-иар нэмэгдүүлэх санал гэж тайлбарлаж байна. Тэгтэл өнөөдөр инфляци 11.4% хувьтай байна. Энэ нь янжуур тамхинд ногдох татварын нөлөөллийг жил бүр бууруулах тооцоолол гэсэн үг. Махны үнэ нь 50% өсчихөөд байхад яагаад янжуур тамхиа ийм хямд болгох санал гаргав?!
Ж.Энхбаяр сайдын санал Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх үйл ажиллагаанд ойлгомжгүй байдал үүсгэх, удаашруулах, дахин гацаах цаад санаа агуулсныг бас дурдах нь зүйтэй.
Энэ хуулийн төсөл УИХ-ын бүх гишүүдийн ширээн дээр очоод 10 сар болж байна. Ажлын хэсэг нь байгуулагдаад 7 сар болж байна. Өнөөдөр чуулганаар хэлэлцэх ёстой байсан ч ажлын хэсэг нь одоо ч хуралдахгүй байгаагаас үүдэн дахиад л хаврын чуулганаар хэлэлцэн батлахгүй байх эрсдэл үүсэж байна.
Тамхи хэмээх хортой бүтээгдэхүүний хэрэглээг дэлхийн улс орнууд татварын бодлогоороо зохицуулж, нийгмийн эрүүл мэндээ хамгаалдаг. Харин манай улсад үүний эсрэг ажиллаж байгаа нь дэлхийн шившиг гэхээс өөр юу гэж тодорхойлох билээ.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen