Электрон тамхины хуулийн шинэчлэл Монголд маргаан дагуулж байна

Монголын улс төр, нийгмийн хүрээнд хамгийн их маргаан дагуулж буй асуудлуудын нэг нь Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болоод байна. Энэхүү төсөл нь уламжлалт янжуур тамхинаас гадна электрон тамхи, вейп, халаадаг тамхи зэрэг никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрхэн зохицуулах талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргээд байгаа юм.
Монгол Улсад электрон тамхины хэрэглээ сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж, ялангуяа өсвөр насны хүүхэд, залуусын дунд түгээмэл болсон талаар Эрүүл мэндийн яам болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс удаа дараа анхааруулж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг тэргүүтэй 76 гишүүн 2025 оны 9 дүгээр сарын 19-нд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төслийн гол зорилго нь электрон тамхи, халаадаг тамхийг хууль эрх зүйн зохицуулалтад бүрэн хамруулах, насанд хүрээгүй хүүхдэд худалдаалахыг хориглох, сурталчилгаа болон маркетингийг хязгаарлах, импорт худалдаанд илүү нарийн хяналт тавих, мөн онцгой албан татварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Төсөл санаачлагчдын тайлбарласнаар одоогийн хууль нь уламжлалт тамхийг зохицуулдаг ч электрон тамхи болон никотин агуулсан шингэний хэрэглээг хангалттай зохицуулж чаддаггүй аж.
Эрүүл мэндийн салбарынхан болон дэмжигчид электрон тамхины хэрэглээ өсвөр үеийнхний дунд нэмэгдэж байгаа нь ноцтой асуудал гэж үзэж байна. Мөн жимсний амт, өнгөлөг савлагаа нь хүүхэд залуусыг татах эрсдэлтэйг онцолж, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу татварыг нэмэгдүүлэх нь хэрэглээг бууруулах үр дүнтэй арга гэж тайлбарлаж байгаа юм. Тухайлбал, электрон тамхины шингэний 1 мл тутамд 1000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулах санал тусгагдсан байна.
Харин эсрэг байр суурьтай иргэд, вейп хэрэглэгчид, импортлогчид, худалдаа эрхлэгчид уг төслийг эсэргүүцэж байгаа бөгөөд электрон тамхи нь зарим тохиолдолд янжуур тамхинаас гарахад тусалдаг гэж үзэж байна. Мөн хэт өндөр татвар, хатуу зохицуулалт нь хууль бус худалдаа нэмэгдэх эрсдэлтэй бөгөөд насанд хүрэгчдийн сонголтын эрхийг хязгаарлаж байна гэж шүүмжилж байна.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг Монгол Улсын тамхины татвар олон улсын жишигтэй харьцуулахад доогуур бөгөөд электрон тамхийг зохицуулах эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай болсон гэж мэдэгдсэн. Харин Эрүүл мэндийн яам болон НЭМҮТ электрон тамхины хэрэглээ өссөөр байгааг онцолж, янжуур тамхитай ижил түвшинд зохицуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Маргааны гол сэдэв болсон энэ асуудлыг дэлхийн жишигтэй харьцуулан үзвэл сонирхолтой дүр зураг харагддаг. НҮБ-ын 193 гишүүн улсаас ердөө 34 улс цахилгаан тамхийг бүрэн хориглосон бол 87 улс нь насны хязгаар, никотины агууламж, савлагаа, шошгололт, татвар болон худалдааны тусгай зөвшөөрлийн зохицуулалттайгаар зөвшөөрсөн байна. Харин үлдсэн улсууд нь тусгайлсан зохицуулалтаа бүрэн боловсруулж амжаагүй байгаа аж.
АНУ, Их Британи, Канад, Европын холбооны ихэнх орон, Шинэ Зеланд, БНСУ, Хятад зэрэг томоохон зах зээлүүд цахилгаан тамхийг хориглоогүй ч хатуу зохицуулалттайгаар худалдаалах бодлого баримталж байна. Тухайлбал, Их Британид 18-аас доош насныханд худалдаалахыг хориглодог бол Европын холбоо никотины агууламжид дээд хязгаар тогтоож, эрүүл мэндийн анхааруулга бүхий савлагаа хэрэглэхийг шаарддаг. АНУ-д бүтээгдэхүүн бүр тусгай зөвшөөрөл авч байж худалдаалагддаг бол Шинэ Зеланд хүүхдэд чиглэсэн амт, маркетингийг хязгаарласан байдаг.
Эдгээр орнуудад янжуур тамхины хэрэглээ сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц буурсан үзүүлэлттэй байна. Шинэ Зеландад өдөр тутмын тамхидалт 16.4 хувиас 6.8 хувь болж буурсан бол Их Британид насанд хүрэгчдийн тамхидалт 9.1 хувь болж түүхэн доод түвшинд хүрчээ. Мөн Швед улс Европ дахь хамгийн бага буюу 5.8 хувийн тамхидалтын түвшинтэй орон болсон байна.
Ингэснээр уг хууль нь зөвхөн тамхины хэрэглээг зохицуулах бус, харин иргэдийн эрүүл мэндийг хамгаалах бодлого болон хувь хүний сонголтын эрх чөлөөний хоорондын тэнцвэрийг хэрхэн хангах вэ гэсэн томоохон хэлэлцүүлэг болж хувираад байна.