Дүүжин замын тээврийн болзошгүй гэмтэл, саатлаас урьдчилан сэргийлэх сургалт орлоо
Дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлэх хүрээнд зорчигчдын аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэл, ослын үед шуурхай тусламж үзүүлэх зорилгоор төлөвлөсөн сургалт зохион байгуулдаг нь төслийн үндсэн гүйцэтгэгч Францын “Пома групп”-ийн бодлогын салшгүй нэг хэсэг байдаг ажээ.
Энэ хүрээнд Яармагаас Хархорин чиглэлд хэрэгжүүлж буй Дүүжин замын тээврийн үйл ажиллагааны явцад байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл, техникийн гэмтэл, гэнэтийн саатал үүсэх эрсдэл учирч болзошгүй юм.
Эдгээр тохиолдолд зорчигчдыг аюулгүй буулгах, шуурхай тусламж үзүүлэхэд чиглэсэн үе шаттай сургалтыг төсөл хэрэгжүүлэгч “Пома групп”-ээс зохион байгуулж байна. Тухайлбал, ган татлага дээгүүр хөдөлгөөн хийх зориулалтын төхөөрөмжийг ашиглан аврах ажиллагаа явуулах боломжтой юм.
Сургалтад Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагч, мэргэжилтнүүд хамрагджээ. Энэ талаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 11 дүгээр ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Х.Тэмүүжин “Бид онолын болон практик гэсэн хоёр үе шаттай сургалтад хамрагдсан. Онол давамгайлсан анхан шатны сургалт аравдугаар сард эхэлсэн бол одоо практик сургалт үргэлжилж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөх, багаж хэрэгслийг зөв ашиглах, өндрөөс аврах ажиллагаа явуулах, нэг кабинаас нөгөө кабин руу зориулалтын бэхэлгээ ашиглан аюулгүй шилжих зэрэг дадлага хийж байна.
Манай улсад анх удаа хэрэгжиж буй төсөл учраас энэхүү сургалтад өндөр ач холбогдол өгч байгаа. Мөн дүүжин замын тээврийн зориулалтын аврах, хамгаалах багаж хэрэгсэл, техник төхөөрөмжтэй ажиллах арга барилд суралцаж байна” хэмээв.

Инженерүүдийн онцолж буйгаар, энэхүү сургалт нь эвдрэл саатал гарсны дараах эрсдэл бус, харин түүнээс урьдчилан сэргийлэх, болзошгүй нөхцөлд бэлэн байдлыг хангах зорилготой төлөвлөгөөт ажлын нэг хэсэг юм.
Өөрөөр хэлбэл, осол, эрсдэл үүсэхээр байна гэсэн ойлголтоор бус, төсөл хэрэгжүүлэх бүхий л үе шатанд зайлшгүй анхаарч, зохион байгуулах шаардлагатай урьдчилан сэргийлэх ажлын нэг гэдгийг инженерүүд тодотгожээ. Сургалтыг Пома групп-ийн өндрөөс аврах ажиллагааны сургагч багш Bertrand Malrait удирдан чиглүүлж буй.
Эх сурвалж: Нэгдсэн төслийн удирдлагын газар