824 айлын хотхон баригдаж байна, харин сургууль, цэцэрлэг, замын асуудал хэзээ шийдэгдэх вэ?


Улаанбаатар хотод орон сууцны барилгажилт эрчимжиж байгаа ч түүнийг дагалдах сургууль, цэцэрлэг, авто зам, зогсоолын асуудал бодит хэрэгцээгээ хангаж чадахгүй хэвээр. Үүний нэг жишээ нь хуучин UB Palace-ийн суурин дээр баригдаж буй, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Хурд стандарт” ХХК-ийн 824 айлын орон сууцны хотхон юм.
Найман блок, 24 давхар орон сууцны барилгын ажил урагшилж, гадна фасадын ажил үргэлжилж байгаа ч тэнд амьдрах иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангах дэд бүтцийн шийдэл тодорхойгүй байна. Барилгын компани сургууль, цэцэрлэг барих эсэх, үйлчилгээний талбайг ямар зориулалтаар ашиглах талаар одоогоор шийдвэр гаргаагүй гэдгээ мэдэгдсэн. Харин батлагдсан зураг төсөлд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор тусгагдсан гэх тайлбар бий.
Гэвч зураг төсөлд тусгасан нь бодитоор хэрэгжих баталгаа биш. Өнөөдөр ойр орчмын боловсролын байгууллагууд аль хэдийн хэт ачаалалтай ажиллаж байна. 2500 хүүхдийн хүчин чадалтай Эрдмийн өргөө сургуульд 5980 хүүхэд суралцаж, нэг ангид 46 хүртэл хүүхэд хичээллэж байгаа бол 280 хүүхдийн багтаамжтай 97 дугаар цэцэрлэгт 432 хүүхэд бүртгэлтэй байна. Ийм нөхцөлд 824 айлын шинэ хотхон ашиглалтад орвол боловсролын байгууллагуудын ачаалал улам нэмэгдэх эрсдэлтэй.
Авто замын асуудал ч мөн адил. Тус хотхоны зураг төсөлд 718 авто зогсоол төлөвлөсөн ч орц, гарцын зарим шийдэл бусдын зөвшөөрлөөс хамааралтай байна. Баруун болон урд талын гарц баталгаатай биш бөгөөд оршин суугчид одоо ч түгжрэл ихтэй далангийн замын ачаалал улам нэмэгдэх вий гэж болгоомжилж байна. Шинээр хэдэн зуун өрх нэмэгдэхэд замын нэвтрүүлэх чадвар хэрхэн өөрчлөгдөх талаар бодит тооцоолол байгаа эсэх нь ч тодорхойгүй.
Барилгын компани орон сууцаа барьж, ашиглалтад оруулах хугацаагаа 2028 оны хоёрдугаар улирал гэж төлөвлөжээ. Харин сургууль, цэцэрлэг, замын асуудал хэзээ, ямар хөрөнгөөр, хэний хариуцлагаар шийдэгдэх вэ гэдэгт тодорхой хариулт алга.
Орон сууцны барилга түрүүлж сүндэрлээд, сургууль, цэцэрлэг, замын асуудлыг дараа нь иргэдээр үүрүүлэх хот байгуулалтын алдаа дахин давтагдах уу? Зураг төсөлд дэд бүтэц тусгасан гэх тайлбар бодит хэрэгжилтийг орлохгүй. Барилга барих зөвшөөрөл олгож, зураг төсөл баталсан нийслэлийн байгууллагууд болон бүтээн байгуулагч компани иргэдийн амьдрах орчны асуудлыг барилга ашиглалтад орохоос өмнө шийдэх ёстой.

П.Самдан
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen