Л.Оюун-Эрдэнэ “Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудлаар сонсголд гэрчээр оролцоно

Шадар сайд Н.Номтойбаяр “Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах болсон талаар мэдээлсний дараа Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр уг асуудлыг “Бортээг-2” буюу гөлөг төөрүүлэлт болгож болохгүйг анхааруулаад, түр хорооны үйл ажиллагааг нүд цавчилгүй ажиглахыг уриалав. Мөн өөрөө сонсголд гэрчээр оролцож, баримттай мэдээлэл өгөхөө мэдэгдсэн байна.
Л.Оюун-Эрдэнийн хэлснээр, тэрбээр 2026 оны гуравдугаар сарын 23-нд АТГ-т дөрвөн цагийн турш гэрчийн мэдүүлэг өгөхдөө холбогдох дөрвөн цагийн бичлэг болон тодруулга авах шаардлагатай 42 хүний нэрийг нотлох баримтын хамт гаргаж өгчээ.
Тэрбээр 2019 оны ҮАБЗ-ийн 05/05 тоот зөвлөмжийг нууцаас гаргах, “Бодь Интернэшнл” компанийн дансанд шилжүүлсэн 110 сая ам.доллар хаана, юунд зарцуулагдсаныг сонсголоор тогтоох, мөн бэлэн мөнгө гаргасан гэх Голомт Финансийн дансыг шалгах шаардлагатай гэж үзсэн байна.
Л.Оюун-Эрдэнэ “Мөнгө мөртэй” хэмээн онцолж, уг асуудлыг үнэн зөвөөр тогтоож, хэрэв мөнгө төмөр замд зарцуулагдаагүй бол хариуцлага тооцон, улсыг хохиролгүй болгохыг уриалжээ.