Н.Номтойбаяр: "Бодь"-ийн гэрээний асуудал эцэстээ Х.Баттулгатай холбоотой болж байна

Шадар сайд Н.Номтойбаяр: Олны дунд "Бодь"-ийн 100 саяын гэрээ тодотголтой асуудал яригдаад олон жил болж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас хянан шалгах түр хороо 2023 онд байгуулагдсан ч хангалттай ажиллаж чадаагүй. Тухайн үед тус хороог ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байсан. Өөрөө ч үүнийгээ ярьж нотолдог. Жишээлбэл, Хянан шалгах түр хорооны ажиллах хуулийн хугацаа дуусахын өмнөх шөнө холбогдох санхүүгийн материалуудыг хүргүүлж өгснөөр бүрэн хангалттай мэдээлэл хийж чадаагүй.
Тиймээс хянан шалгах түр хороог дахин байгуулъя. Байгуулахдаа Тавантолгой Гашуунсухайтын төмөр зам буюу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нууцалж гаргасан зөвлөмжийн дагуу холбогдох Засгийн газрын болон бусад байгууллагуудын гаргасан шийдвэрүүд оновчтой байсан уу. Үүнийг цогцоор нь шалгая.
Хоёрт, Өмнө нь хийгдсэн Б.Энхбаяр гишүүний ахалж байсан хянан шалгах түр хороо хэрхэн ажилласан бэ. Ийм зорилгоор дахин түр хороо байгуулах санаачилгыг энэ оны 3-р сарын 20-нд гаргаж, УИХ-ын гишүүдээс хуульд заасны дагуу дэмжлэг хүсэж гарын үсэг цуглуулж эхэлсэн. Харамсалтай нь тухайн үед 17 гишүүний гарын үсэг дээр гацаад, дараа нь 27 гишүүний гарын үсэг болоод гацсан. Хуулиараа 32 гишүүний гарын үсэгтэй байж УИХ-д өргөн барих эрх зүйн эрх үүсдэг. Харин одоогийн байдлаар 87 УИХ-ын гишүүн гарын үсэг зурсан байна. Түүнчлэн гадаад томилолттой болон өвчтэй байгаа гишүүд өргөн баригдсаны дараа нэмж гарын үсэг зурахаа мэдэгдсэнээр энэ тоо 90-д хүрэх төлөвтэй байгаа.
Нам харгалзахгүй энэ асуудлыг ил тод нээлттэй болгож, яригдаад байгаа зүйлс үнэн бол хуулийн хариуцлага хүлээлгэе гэсэн УИХ-ын шударга гишүүд байна.
2019 онд 05/05 дугаартай зөвлөмж гарах үед тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүлж, бүрэлдэхүүнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ажиллаж байжээ. Уг зөвлөмжөөр төмөр зам болон нүүрсний оффтек гэрээтэй холбоотой хоёр асуудлыг төрийн нууцад хамааруулсан нь үндэслэлтэй эсэх талаар эргэлзээ, хардлага дагуулсаар ирсэн. Жишээлбэл, Засгийн газраас хэрэгжүүлж буй бусад төмөр замын бүтээн байгуулалт болон нүүрсний гэрээнүүд ил тод явж байхад зөвхөн энэ төслийг нууцалсан нь шалгах гол шалтгаан болж байна.
Энэ асуудалд холбогдсон хүмүүс хөрөнгөө нотолж чадахгүй байгаа. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд эрэн сурвалжлах хийсэн ч хохирол амссан. Хамгийн том хохирол амссан хүн бол Зариг овогтой Н.Өнөрцэцэг. Нууцад орсон материалыг ил болгосон гэж ял авсан. Энэ сэдэвийг хэвлэлээр ярихаасаа эмээдэг болсон.
“Бодь Интернэшнл” ХХК-тай холбоотой төрийн нууцыг ил болгоё гээд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцорсон. Бодьтой холбоотой асуудлыг Бортээг болгож намайг гүтгэж байна гэтэл Д.Амарбаясгалан УИХ-ын даргын ажлаа өгсөн. Г.Занданшатар Ерөнхий сайд байх үед хянан шалгах түр хороо байгуулахаар мэдэгдсний дараахан мөн ажлаа өгсөн. Х.Нямбаатар Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхтэй холбоотой байр сууриа илэрхийлтэл мөн төрийн тэргүүнээсээ буусан. Тиймээс улстөрд өрнөсөн бүх зүйлийг хураангуйлж, эцэслэн шийдэх хэрэгтэй. Түр хороо байгуулагдсанаар Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, санхүүжилт болон холбогдох гэрээ хэлцлийг шалгана.Зам бүхэн РОМ хүрдэг гэдэг шиг "Бодь"-ийн гэрээний асуудал эцэстээ Х.Баттулгатай холбоотой болж байна.Х.Баттулга над шиг УИХ-ын гишүүнээсээ татгалзаад шалгуулах ёстой!