Дүүжин замын тээвэр 12 дугаар сарын 15-нд ашиглалтад орно

Яармаг-Хархорин чиглэлд хэрэгжүүлж буй дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, аюулгүйн тохиргоо, туршилтын ажил үргэлжилж байна. Төслийг 12 дугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр төслийн туслан гүйцэтгэгч “Моннис инженеринг” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, төслийг улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэлийг хангах, төлөвлөгөөт ажлуудын уялдааг сайжруулах, ашиглалтад орсонтой холбоотой мэдээллийг иргэдэд хүргэх шаардлагатайг хэлсэн байна.
4.2 км урт, хоёр өртөөтэй тус дүүжин замын тээвэр нийт 98 кабинтай бөгөөд цагт 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай аж.
Төслийг Францын “Пома” группийн мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон “Цагаан уран хийц” ХХК-ийн баг хамтран хэрэгжүүлж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон “Максимал” ХХК захиалагчийн хяналт тавин ажиллажээ.
“Моннис инженеринг” ХХК-ийн төслийн менежер Б.Мөнхбаясгалан “Дүүжин замын тээврийн механик угсралтын ажил бүрэн дууссан. Одоо аюулгүйн тохиргоо, туршилтын ажлуудыг хийж байна. Манай компани Францын “Пома” групптэй байгуулсан туслан гүйцэтгэгчийн гэрээний хүрээнд хариуцсан ажлаа төлөвлөгөөт хугацаанд хэрэгжүүлж байна. 12 дугаар сарын 15 гэхэд иргэд дүүжин тээврээр зорчиход бэлэн болно. Төслийн талбайд 56 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” гэв.
Мөн “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын Дүүжин замын тээвэр төслийн ахлах инженер Г.Түвшинсанаа зорчигчдод үйлчлэхэд шаардлагатай 48 дүрэм, журмыг үндсэн гүйцэтгэгч “Пома” группээс хүлээн авч, монгол хэл рүү орчуулж байгаа талаар мэдээллээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс