Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ

Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ

 

АСТАНА, 2026 оны есдүгээр сарын 30 /Kazinform/. Казахстан, Герман хоёр улсын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх талаар тохиролцоонд хүрч, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлсон тухай Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Германы Канцлер Фридрих Мерцтэй хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ. 

 

Казахстаны төрийн тэргүүн хэвлэл мэдээллийнхэнд зориулж мэдэгдэл хийх үеэрээ өчигдөр болсон хэлэлцээ хоёр улсын харилцааг цаашид бэхжүүлэх замыг нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, энэхүү айлчлалд онцгой ач холбогдол өгч байгаагаа онцолсон байна. 

 

“Герман бол улс төрийн нөлөө ихтэй, асар их чадавхтай, олон улсын тавцанд өндөр нэр хүндтэй улс юм. Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи болон бусад салбарт гаргасан танай улсын томоохон амжилтууд үүний тод илрэл билээ. Энэ боломжийг ашиглан, эрхэм Канцлер Танд болон Германы нийт ард түмэнд удахгүй болох Германы эв нэгдлийн өдрийн баярын мэндийг чин сэтгэлээсээ хүргэе. Энэ бол Германы хөгжлийн шинэ эрин үеийн эхлэлийг тавьж, Европын хөгжил цэцэглэлтэд хүчтэй түлхэц өгсөн түүхэн өдөр юм. Германы найрсаг ард түмэнд цаашдын хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе” гэж тэрбээр хэлжээ.

 

К.Токаев Германыг Европ дахь Казахстаны стратегийн найдвартай түнш, Казахстаны тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн орнуудын нэг хэмээн мэдэгдсэн байна.

 

“Ирэх онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохионо. Энэ хугацаанд бидний түншлэл бүх түвшинд тогтвортой хөгжиж ирлээ. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэгийн харилцаа бэхэжсэн. Эрх зүйн зохицуулалтын холбогдох суурь бүрдэж, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагаа өргөжсөн. Харилцан хүндэтгэл, дэмжлэгт тулгуурласан бидний хамтын ажиллагаа цаашид ч амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэж К.Токаев мэдэгджээ. Тэрбээр Германы Канцлертай хийсэн өргөн хүрээтэй, үр дүнтэй хэлэлцээний үеэр чухал тохиролцоонд хүрснийг онцлоод, хоёр талын уулзалтууд агуулгатай, үр бүтээлтэй болсныг дурдсан байна. “Хэлэлцээний хүрээнд нийт 2 тэрбум орчим ам.долларын үнийн дүн бүхий 30 гаруй арилжааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Эдгээр гэрээг үр дүнтэй хэрэгжүүлснээр хоёр улсын хамтын ажиллагаа улам бэхэжнэ. 

 

Маргааш би Бавари мужид очиж, өндөр албан тушаалтнуудтай уулзахаар төлөвлөж байна. Энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд Казахстан, Баварийн технологийн чуулганд оролцоно. Энэхүү онцгой уулзалт мөн манай хоёр улсын түншлэлийг бэхжүүлэхэд мөн хувь нэмэр оруулна гэж найдаж байна” гэж К.Токаев хэлжээ.

 

К.Токаев. Ф.Мерц нар хэлэлцээ хийх үеэрээ мөн бүс нутгийн болон дэлхий нийтэд тулгамдсан асуудлаар санал солилцсон байна. “Бид аливаа зөрчил мөргөлдөөнийг тайван замаар, дипломат аргаар шийдвэрлэх ёстой гэж үздэг. Энэ бол манай хоёр улсын нийтлэг байр суурь юм. Түүнчлэн "Төв Ази-Герман" форматын хүрээнд яриа хэлэлцээг цаашид өргөжүүлэхээр тохиролцлоо. Казахстан улс Германтай урт хугацааны, харилцан ашигтай, бодит үр дүнд чиглэсэн тогтоосон стратегийн түншлэлийг бэхжүүлэхийг зорьж байна” гэж тэрбээр мэдэгджээ. Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийснийхээ дараа хамтарсан тунхаглал баталжээ. К.Токаев, Франк-Вальтер Штайнмайер нар өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийж, хоёр улсын бизнесийн хүрээний төлөөлөгчид оролцсон форумд үг хэлжээ.

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen