Тээврийн хэрэгсэл жолоодож, зөрчил гаргасан таван хүүхдэд хорих ял оноожээ


Тээврийн прокурорын газраас 2024, 2025 он болон 2026 оны аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар насанд хүрээгүй хүүхдүүдийн үйлдсэн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” 24 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эдгээр хэргийн улмаас 27 хүн хохирсноос зургаан хүн амиа алдаж, 21 хүний эрүүл мэндэд хохирол учирсан байна. Тодруулбал, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн, 11 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, найман хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ.

Хэрэг үйлдсэн хүүхдүүдийн нэг нь 15, тав нь 16, 18 нь 17 настай байжээ. Тэдний гурав нь мотоцикл, 21 нь автомашин жолоодож байхдаа осол гаргасан бөгөөд нэг хүүхэд согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

Шүүхээс дараах ял шийтгэл оногдуулсан байна. Үүнд: 

  • Хорих ял: 5
  • Зорчих эрх хязгаарлах: 2
  • Тэнсэх: 11 
  • Эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн: 4 
  • Шүүхийн шатанд хянагдаж байгаа хоёр хэрэг байна. 
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 18 нас хүрсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий шалгалтад тэнцэж, жолоодох эрхийн үнэмлэх авсан иргэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй.

Иймд эцэг эхчүүдэд тээврийн хэрэгслийн түлхүүрээ ил задгай орхихгүй байх, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодохын хор уршиг, эрх зүйн үр дагаврыг ойлгуулахыг прокурорын байгууллагаас зөвлөжээ.

Эх сурвалж: Улсын ерөнхий Прокурорын газрын Олон нийттэй харилцах алба 

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen