Роботууд алсдаа зэвсэг бус бүр “амьд дайсан” болж ч мэдэх гэнэ

Цэвэр байгалийн бүтээгдэхүүн болох талаасаа зөвхөн, ганц, хүн дүрстэй амьтан л оюун ухаантай болж чаджээ. Тэгвэл нийгэм хөгжих хэрээр хүмүүс элдэв дүрстэй роботууд, бүр хиймэл оюун ухаантай роботууд ч бүтээхнээ. Робот нохой, робот хүн, мөн бусад робот амьтад буй болохнээ. Тэд хоорондоо тулалдаж буй теле үзмэр ч, бас үлгэр ч байна. Роботууд эздийнхээ заавраар, даалгавраар хүмүүстэй ч байлдаж, ялж, ялагдаж болох юм гэж бичих болов. Хэний мэдэлд, аль улсын зэвсэглэлд хамгийн хүчтэй, бөх бат, өөрийгөө хамгаалах элдэв чадвартай роботууд байна тэр улс дэлхийг эзлэх, ноёрхох болно гэж зөгнөх хүмүүс ч гарлаа. Хүмүүс бид нээрээ л өөрсдийн бүтээлдээ, яг л хүний адил оюун ухаан, өөрийн гэсэн үзэл санаа, зорилго бүхий “дайсан роботуудад” ялагдаж сөнөх гэж үү? Түүхэн аль нэгэн цаг үед роботууд хүнийг үзэн ядах, бүр устгах зорилго өөртөө тавьж ч болох ажээ…
Роботууд биеэ дааж, тусгаар тогтнол зарлаж, хүн төрөлхтөнтэй зөрчилдөж, “устгах нь зүйтэй” гэсэн шийдэлд хүрэх вий дээ гэсэн болгоомжлол ч бас буй. Тэгвэл энэ дэлхий дээр маань бидний өөрсдийн гарын бүтээл болох роботууд үлдээд, өөрсдийгөө нөхөн үйлдвэрлэж, түүхээ бичиж, яг л биологийн нэгэн зүйл амьтан мэт болон үлдэх гэнэ. “Өөдөө хаясан чулуу өөрийн нь толгой дээр унана” гэгч болох ажээ.
Гэхдээ энэ бол байгалийн өөрийн нь хууль дагуу хэлэгдсэн үг, үнэн үг, биелэх боломжтой үг юм. Харин хиймэл оюун ухаантай роботууд ямар хуулийн дагуу дурдсан үйлдлийг хийнэ гэж? Түрэмгий зан авир, шунал, фашист, нацист, сионист үзэл суртлаа хүмүүс хиймэл оюун ухаантнуудад яалт ч үгүй суулгана гэж хардах болж байна уу? Тодорхой, үечилсэн, зорилтот программд нь дурдсан үзэл суртлуудыг нууцлан суулгаад, хэсэг хугацааны дараа даалгавар болгон гүйцэтгүүлж болох л байх л даа. Ийм санаархал, оролдлогын субъект болж, байж чадах хүмүүс ч гарч ирж болно. Одоохондоо энэ бол фантаз санаа, хар зөгнөл. Гэхдээ иймэрхүү асуудал, прогноз дэвшүүлж, бодож үзэх, болгоомжлох нь илүүц зүйл ер биш бололтой. Учир нь хүн төрөлхтөн дунд (дүрсэлж хэлэх аваас) мангас ч байж, чөтгөр ч байж, алуурчид ч байж, цаашдаа бүр хэн ч, юу ч буй болох юм бүү мэд шүү дээ! Хүмүүс одоо хиймэл оюун ухаантай роботууд зохион бүтээж буйн адилаар бурхад хүнийг зохион бүтээж энэ гараг дээр турших байдлаар орхисон нь одоо бид юм гэх үзэл, уран сайхны кино ч гарах байх. Яс, махнаас бүтсэн хүн, элдэв металлаар хийгдсэн робот хоёр бие биеэ даагаад амьдарч чаддаг л бол хийгдсэн материал нь ондоо болохоос биш адилхан амьтад шүү дээ гэж хэлж ч болно л доо. Гэхдээ энэ бол хэтэрхий бүдүүлэг, өрөөсгөл харьцуулалт юм. Эхийн хэвлийд бүрэлдэх амьтныг үйлдвэрийн цехэд бүтээгдэх роботтой яаж адилтгах билээ.
Хиймэл оюун ухаан бол олон олон оновчтой программчлалын цогцос болсон загвар юм. Энэ загварын дагуу боловсруулсан мэдээллүүдээс хийж болох дүгнэлтүүдийг л хиймэл оюун ухаан хэлж, илэрхийлж чадна. Хүн бол өөрийгөө, бас орчноо ухамсарлаж буй субъект.
Тэгвэл хиймэл оюун ухаантай роботод хүсэл мөрөөдөл, айдас, болгоомжлол, итгэл, үнэмшил, сүсэг бишрэл, өөрийн ухамсар, хувийн мэдрэмж, мэдрэхүй байхгүй. Тэр бол субъект биш, хэрэг хариуцагч биш, далд оюун ухаан ч биш, хувилгаан ид шидтэн ч биш. Хүн хүндээ, хүмүүс хүмүүсдээ, нэг улс нөгөө улсдаа чоно, араатан болж байсан баримт, түүхийг хүн төрөлхтөн мэддэг билээ. Өнгөрсөн үеийн өс хонзонгоор, өнөөдрийн зөрчил, тэмцлээр, үзэл суртал, шашны үүднээс, газар нутаг, баялаг булаацалдаж гэхчилэн олон шалтгаанаар дайн хийж хүмүүс хүмүүсээ хэдэн арван саяар нь хөнөөж байв. Энэ өнцгөөс хатуу үнэлвэл хүмүүс бол “араатан” юм. Оюун ухаан, ухамсар, урлаг, соёл, гоо сайхан, ёс суртахуун, хүмүүнлэг сэтгэл, мөс чанар, нэр төр гэх мэт нь дайн дажны үед урд нь огт байгаагүй юм шиг л ул мөргүй алга болж байжээ… Хүмүүс хүмүүсээ (хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийг) хэдэн зуу, хэдэн мянга, хэдэн зуун мянгаар нь дүүжилж, цаазалж, амьдаар булж, шатааж, хорт хийгээр утаж хөнөөж иржээ. Ингэхлээр хүмүүс хүмүүстээ итгэхэд ер нь тун ч хэцүү ажээ. Хүмүүс мэт шахам болчихсон роботуудад итгэх нь ирээдүйд бүр ч хэцүү болох бизээ… Өнөөдөр гэхэд л бүхэл бүтэн улс орон бусдын гар хөл болж үзэшгүй муухайг үйлдэж байна шүү дээ. Тэгвэл роботууд, хиймэл оюун ухаантан ёстой л жинхэнэ “бууны нохой, төмөр зүрхтэн, зэс хошуутан, эрлэгийн элч” мэт болж хувирах байлгүй. Ингэж бодох төдийд л нуруугаар хүйт даах ажээ. Алсын удирдлагатай, эсвээс урьдчилан мөрдөгдөх тодорхой программтай, бүр биеэ даасан хиймэл оюун ухаантай, бөх бат металл биетэй, өөрийгөө нууцлах болон аюулгүй байдлаа хамгаалах элдэв аргатай роботуудын хүмүүст учруулж чадах аюул, хөнөөлийн хэмжээ, далайц нь атом, цөмийн зэвсэгтэй дүйцэж очих байх. Өөрсөддөө зориулж ийм зэвсэг бэлдэхийг цаазлан хорих ёстой. Болчимгүй этгээдүүд, дайны донтонгууд, эрүүл бус сэтгэлгээтэй хүмүүсийн гарт ийм зэвсэг орвол яанаа?
Энэ бол мөнхөд чухалд тооцогдох асуулт, асуудал шүү! Хиймэл оюун ухааны (chat GPT) өнөөдрийн шинж, түвшингээс харахад тэд хүмүүсийн талаар тун ч муу дүгнэлт хийж, ирээдүй үгүй төрөл, зүйл гэж үнэлэх, устгах нь зөв гэж шийдэж ч болох юм шүү.
Тэрхүү шийдвэрийг нь ихэд чадавхажсан роботууд гүйцэтгэх гэж оролдож ч болох юм. Хүмүүс нэг нэгэндээ дайсагнаад л, зэвсгээр хөөцөлдөөд л, цөмийн зэвсэг хийж, нөөцлөөд, бусдыг үзэн ядах, бүр устгахыг зөвтгөсөн, уриалсан үзэл, онол сурталчилж, хэрэгжүүлэх гэж оролдоод л байвал хиймэл оюун ухаантай роботууд энэ дэлхийг аврах, амьтдын ертөнцийг аврах зорилгоор хүмүүсийг устгаж ч мэднэ… Хүн төрөлхтөн цааш цаашдаа зөвхөн л оюуны хийгээд биеийн хөдөлмөрөөр буй болгосон зүйлсийг л хэрэглэж амьдрах болно. Байгалиас бэлэн авч хэрэглэдэг зүйл гэж бараг л үгүй болох байх. Иймээс хүмүүст “хөдөлмөрчин” хэрэгтэй. Боолчуудыг ашиглаж үзсэн. Хамжлагуудыг ашиглаж үзсэн. Хөлсний ажилчдыг ашиглаж үзсэн. Тэд бүгд л босож тэмцсэн. Одоо роботуудыг ашиглах гэж байна. “Роботууд ажиллахаас татгалзах, бослого хөдөлгөөн гаргах, нэгдэж тэмцэх, эрх ашгаа хамгаалахад чиглэсэн үзэл сурталтай болох, шашин шүтэх гэх мэтээс хол, хөндий байна” гэж тооцоход хэцүү л дээ. Тэднийг “уруу татах хүч, санаархал” өнөөдөр ч байж л байна. Тэр хүч бол бас л хүмүүс, муу хүмүүс, солиортлоо төөрөлдсөн хүмүүс юм. Амьдрах орон зай, хүнс тэжээл, баялгаа булаацалдсан хүмүүсийн тэмцэл юунд ч хүргэж, ямар ч аюулыг авч ирж мэднэ… Хиймэл оюун ухаан гэдэг бол оноогүй нэр томьёо, хэтэрхий дөвийлгөсөн үнэлгээ юм. Робот бол одоохондоо утсан хүүхэлдэйтэй л нэг төрөл, утасгүй хүүхэлдэй. Цаана нь хүн, хүний санаа, хүний команд, шийдэл л байгаа шүү дээ. Хүний өвөг дээдэс болох сармагчны цаана нь хүн, эсвэл бурхан байгаагүй. Оюун ухаан нь хиймэл бус, сармагчин өөрөө бурхны утсан хүүхэлдэй биш. Робот яаж ч боловсронгуй болоод хиймэл гэсэн тодотголтой оюун ухаантан болчихгүй, оюун ухаан бол байгалийн, амьд байгалийн, олон сая жилийн хувьслын, олон шалтгаан, нөхцөл, олон хүчин зүйлүүдийн цогц бүтээл юм. Хүний оюун ухаанаас аль ямар ч бүтээл яаж ч төгс төгөлдөр болоод хүнийхтэй адилтгам оюун ухааныг бүтээхгүй. Хүн дүрстэй бичийг оюун ухаант хүн болгосон хамгийн үндсэн хүчин зүйл бол өлсгөлөн юм. Шинжлэх ухааны олон салбар хөгжихийн хэрээр энэ нь батлагдсаар ирлээ. Хоол тэжээл хомс байгаа, хүн өлсгөлөн, ходоод хоосон үед мэдрэлийн эсүүд идэвхийжиж, хоорондох холбоо нь нэмэгдэж, өтгөрч, хоол олох боломжийг эрэлхийлэх байдал их нэмэгддэг нь нотлогджээ.
“Оройноос өглөө нь мэргэн”, “Идэш ихэдхээр тэнэгэрдэг, нойр ихэдхээр залхуурдаг” гэх мэт цэцлэл бас байдаг. Биологийн амьтны уураг тархи хөгжсөн энэ замнал, шүтэлцээ мэдээж роботод байхгүй. Роботын хиймэл оюун ухааныг хүмүүс л буй болгоно, жолоодно. Ингэхлээр робот бол зэвсэг хүний бүтээл, хүний хүслийг биелүүлэгч машин хэвээрээ л байх, үлдэх болно.
Робот, хиймэл оюун ухаантай холбоотой нэг том аюул, нэг том луйвар гарч ирнэ. Энэ бол хүмүүст өнгөрсөн түүхийг нь мартуулах луйвар юм. Залуус бүхнийг хиймэл оюун ухаанаас асууж мэддэг цаг ирж байна. Хиймэл оюун ухаанд тухайн үнэн мэдээллийг өгөхгүй бол дэлхийн 2-р дайн, нацизм, фашизм, Гитлер ч мартагдана. Японы милитаризмын учруулсан гай, зовлон, гамшиг ч мартагдана. Одоо ч оршсоор байгаа бурангуй хүчнүүд өнгөрсөн дэх бүх гэмт хэргээ ч мартуулна. Ингэж хүмүүсийн оюун ухааныг дуртай зүгрүүгээ залах болно. Харыг цагаан болгож ойлгуулна, цагааныг хар гэж итгүүлнэ. Японы 2 хотод цөмийн бөмбөгийг жирийн иргэд дээр туршсан АНУ-ын гэмт хэрэг ч мартагдана. Тэр талаарх мэдээллийг Роботод өгөхгүй. Робот тэр тухай хэзээ ч, хэнд ч дурсахгүй. Өнгөрсөн түүхэнд цэвэрлэгээ тэгж л хийгдэх болно. Хүмүүсийн тархи угаагдан угаагдсаар ухамсар нь хиймэл болох цаг удаан хүлээлгэхгүйгээр ирэх бизээ… Хүний төрсөн, өссөн нутаг, ус, хүн ард, зан заншил, ёс суртахуун, хууль дүрэм, тухайн хүний туулж өнгөрүүлсэн амьдрал, тохиолдсон зовлон гамшиг, баяр жаргал, үг хүний боловсролын түвшин, хүний мөс чанар, эх оронч, улс түмэнч үзэл гэхчилэн тун олон хүчин зүйл тухайн хүний бодол санаа, зорилго, шийдвэрт нөлөөлж байдаг. Тэгвэл роботод, хиймэл оюун ухаантанд энэ бүхэн байхгүй шүү дээ! Түүний гаргах шийдвэрт хүлээн авсан мэдээлэл, үйл ажиллагааны нь хөтөлбөр л хүчтэй нөлөөлнө. Хүний 84 орчим тэрбум мэдрэлийн эсүүд, тэдгээрийн хоорондох холбоо, сүлжээ, мэдээлэл хүлээн авах ба боловсруулж шийдвэр гаргах төвүүд гэх мэтийн тэрбум жилийн туршид буй болж төлөвшсөн нарийн нийлмэл механизм, биотехнологи мэт нь хиймэл оюун ухаантай роботод байхгүй. Роботын гаргах шийдвэр, дүгнэлт хэзээд ч олон талаар өрөөсгөл, учир дутагдалтай байх болно. Техник, технологийн тодорхой шийдэл, шийдвэр нь л харин оновчтой байх бий вий… Эртний хүмүүст араатан амьтад гэх нэг л дайсан байжээ. Мөн хоол тэжээлээ булаацалдах ердийн өрсөлдөөн, тэмцэл ч бас байв. Газар нутаг, баялгаа булаацалдах дайн бол нилээд хожуу үеийн тэмцэл юм. Гэхдээ дайн хийх шалтгаан, үндэс аажмаар нэмэгджээ. Олон шалтгааны улмаас олон ч дайн дэгдэж, олон ч хүний амь үрэгдэж, их хохирол үзсэн байна. Үхэл, хагацал, шархдалт, сүйрэл мөхөл, өнчрөл, зовлон, өлсгөлөн, өвчин тахал дайнуудын үр дагавар болсоор байсан хэдий ч хүн төрөлхтөн дайныг хорьж чадахгүй байсаар өнөөг хүрчээ. Бүх нийтээрээ нэгдээд дайныг бүрэн хорьчихож болох л байсан шүү дээ! “Дайнаас сэргийлэх арга бол дайнд бэлдэх явдал мөн. Том зорилтын хэрэгжилт ч дайнаар л шийдвэрлэгддэг. Ариун дайн, шударга дайн, тэнгэрээс тэтгэсэн дайн” гэх мэтийн “онол”, төөрөгдөл ч цөөнгүй гарчээ.
Дайныг зөвтгөж, дэмжиж ярих, бичих нь, дайны гал дээр тос нэмэх нь, дайн түрэмгийллээр зөрчлийг шийдвэрлэх гэж оролдох нь, зэвсэглэлээр уралдан хөөцөлдөх нь, цэрэг-зэвсгийн хүчээр сүрдүүлэх нь орчин үеийн олон улсын харилцаанд байж боломгүй алдаа, дутагдал мөн болно.
Хүмүүсийн эсрэг бэлдсээр ирсэн зэвсгийн тоо байнга өсөж, хөнөөх чадвар нь хэдэн мянга дахин нэмэгдэж, одоо хиймэл оюун ухаантай ч зэвсэг гарахнээ. Тэр ч бүү хэл аль нэгэн үндэстэн, угсаатанд тусгайлан зориулсан хими-бактериологийн зэвсэг хийх оролдлого ч буй болов. Ийм зорилгоор лабораториуд байгуулж туршилт хийж байсныг илрүүлжээ. Энэ бол дэлхийн хүн ам өсөхийн хэрээр хүн хүндээ араатан болох үзэгдэл өргөсөх, газар авахын эхлэл юм гэж үү? Үй олноор нь хөнөөх зэвсгийн аль ч төрөл, хэлбэрийг ор тас цаазлан хорих хэрэгтэй байна. Тийм зэвсэг дайны хэнээтнүүдийн гарт орвол яанаа гэж сэрэмжлэх ёстой. Энэ талаарх хүмүүнлэг ёс суртахууныг анх зөрчсөн хүмүүс бол америкчууд шүү дээ. Японы удирдлага, дайнчдыг нь биш, харин 200 мянга шахам жирийн иргэдийн (хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд) амь насыг хөнөөж цөмийн зэвсэг туршсан АНУ-ын ерөнхийлөгчийг хэн гэж үзэх, үнэлэх нь зөв юм бэ? Яг үнэнийг хэлбэл тэгэх хэрэгцээ, шаардлага ер байгаагүй билээ… Өнөөдөр гэхэд АНУ, Англи хоёр дайны гал дээр тос нэмсээр, “хүний гараар могой бариулсан” хэвээрээ л байна шүү дээ. “Арал дээрээ Англичууд аюулгүй, Атландын далайн цаана АНУ аюулгүй” гэлцгээгээд зоосны нүхээр харж ашиг хонжоо эрэлхийлсээр л байна. Энэ байдлаараа бол тэд дэлхийн шинэ дайныг дэгдээж ч мэдэх нь…
Эх оронч сэтгэл, хүмүүнлэг зан чанар, хүний мөс – энэ бол хүн шиг хүн байхын гол үзүүлэлт. Хүүхэд нэг бүр энэ үзүүлэлтийн шаардлагыг бүрэн хангах чигт л суралцах, хүмүүжих ёстой. Соёл-иргэншил нэг бүр чухамхүү ийм шинж, чанартай ард иргэдээс л бүтэж, бүрэлдэж, хөгжиж, төгөлдөржиж байх учиртай.
Эцэст нь хүн дүрсийн тухай ганц зүйл хэлье. Хиймэл оюун ухаантай, хиймэл хүмүүс – роботуудыг зохион бүтээх явцад хүн дүрсний абсолют давуу тал улам тодорсоор байна. Роботуудыг хүн дүрстэй бүтээх нь л чухал болохыг Хятад, Орос, Энэтхэг, АНУ-ын зохион бүтээгчид тэмдэглэжээ. Байгаль эхийн бүтээсэн манлай дүрс болох хүн дүрс л хүмүүс бидэнд хамгийн үнэнч, хамгийн гавшгай, хамгийн чадварлаг туслагчдыг бэлэглэхнээ. Гэхдээ олон тэрбум жилийн турш дахь хувьсал, хөгжлийн үр дүн болсон бусад амьтны дүрсүүдийг ч өргөнөөр ашиглаж нисдэг, усанд шумбадаг, газар доор ч ажиллаж чаддаг роботуудыг бүтээх бизээ. Улстөрийн нам байгуулах үзэгдэл Монголд өнөөдөр донтолт болж хувирлаа. Хуулиар тоог нь хорих, тогтоох боломж үгүй ч хэдий ч ямар нэгэн шалгуур, зохицуулалт бодож олж болох л байх л даа. Өөрөө өөрийгөө зохицуулдаг үзэгдэл гэж байна, хэдэн зуун жилд ч ужигран үлддэг архаг сөрөг үзэгдэл гэж ч бас байна. Шашин, шашины элдэв урсгалын тоо 4000 болсон гэх мэдээ ч буй. Улстөр, үзэл суртлын шинжтэй бүх үзэгдэлд илрэх хэлбэр, арга зам, зорилго нь хэдэн мянгаар ч байх боломжтой ажээ. Нам шиг нам биш, аль нэгэн намын гар хөл, утсан хүүхэлдэй болдог наманцар, нэр нүүргүй хөлсний этгээд гэгддэг наманцарын тухай элдэв яриа, таамаглал, худал үнэнийг нь ялгах, тогтооход хэцүү яриа сонгууль болгоны дараа л чих дэлсэх болов. Улстөрөөр донтсон хүний гар хөл болсон нам ч байгаа гэлцэх юм… Монголын төр, засгийн үйл ажиллагааг өнгөрсөн 36 жилийн байдлаар нь үнэлэх аваас (наад зах нь л Оюутолгойн гэрээний чанарыг тооцох аваас) даан ч дээ! хэмээн гасалмаар сул дорой, чадваргүй, авилгач байсан нь үнэн, маргаангүй юм. Төр, засгийг эрх барьж байсан намууд байгуулж байсан болохоор намуудын чанар, чадвар бас л даан ч дээ! гэхээр сул дорой, популизмд автсан, дүр эсгэгчдээр дүүрсэн байсан нь тодорхой билээ. Дан ганц шуналтнуудаас бүрдсэн нам байх боломжгүй ч бараг бүх шатны удирдлага нь дан ганц шуналтнуудаас бүрдсэн нам байх, гарч ирэх боломжтой юм. Энэнийг тооцох, анхааралдаа авах хэрэгтэй байна. Авилга, шуналд бүрэн автсан, донтсон хүн бол үндсэндээ нэгэн төрөл робот юм даа!
Судлаач профессор Д.Чулуунжав.