Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарчээ

Боловсролын яамны ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн боловсролын байгууллагуудад ажиллаж, багш, удирдах ажилтнуудын монгол хэлний мэдлэг, чадварыг үнэлжээ.
Шалгалтын дүнгээр бага ангийн багш нарын дундаж үнэлгээ 30 хувь, монгол хэл, уран зохиолын багш нарынх 51 хувь, сургуулийн захирлуудынх 50 хувь, сургалтын менежерүүдийнх 44 хувь, цэцэрлэгийн эрхлэгчдийнх 40.7 хувь, мэргэжлийн болон дээд боловсролын багш нарынх 33 хувьтай гарсан байна.
Боловсролын яамны газрын дарга Л.Ганбатын мэдээлснээр, шалгалтын дүнд үндэслэн багш, удирдах ажилтнуудын монгол хэлний мэдлэгийг сайжруулах сургалт зохион байгуулах, аймгийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авахаар төлөвлөжээ.