Тусгай бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ

Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 9-нд хуралдаж, хэд хэдэн асуудлаар шийдвэр гаргажээ. Хуралдааны шийдвэрийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав.
Тусгай бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгоно
Шадар сайдын мэдээлснээр, суурьшлын бүсэд баавгай орж ирсэн тухай 557 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, есөн баавгайг аюулгүй болгожээ. Мөн баавгайд бариулж амиа алдсан иргэний ар гэрт Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлсэн байна.
Засгийн газрын тогтоолоор Амьтны тухай, Хил хамгаалах тухай болон Эрүүгийн хуулийг үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ. Харин тогтоосон байршлаас өөр газар, эсвэл өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж, орон нутгийн удирдлагуудад хяналтаа сайжруулах үүрэг өгсөн байна.
Эрхүүд хотод гарсан халдварын мэдээлэлд хариу иржээ
ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
ОХУ-ын холбогдох байгууллагаас ирүүлсэн албан ёсны хариунд шинжилгээгээр COVID-19 болон риновирусын тус бүр хоёр тохиолдол илэрсэн бөгөөд бусад аюултай халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй гэж мэдээлжээ.
Ямааны годрон өвчнөөс сэргийлэх санхүүжилтийг шийдвэрлэв
Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх, зайлшгүй шаардлагатай вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна.
Өвчний голомтыг таслан зогсоох зорилгоор устгалд хамруулсан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдын хохирлыг барагдуулах, шаардлагатай тохиолдолд буруутай этгээдээр хохирлыг төлүүлэхээр ажиллаж байгааг Шадар сайд мэдээлэв. Мөн аль болох мал устгахгүйгээр эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг онцолжээ.