Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

“Сүүлийн нэг сарын хугацаанд 12 аймагт хүрэн баавгай суурьшлын бүсэд 240 гаруй удаа орж ирсэн. Энэ бол тоглоом биш, аюулын харанга” гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир есдүгээр сарын 23-нд мэдэгдэж байв. Тэр өдөр Засгийн газар байгаль орчны байцаагчдын шатахуун болон шаардлагатай тоног төхөөрөмжийн зардалд улсын нөөцөөс 1 тэрбум 88 сая төгрөг гаргахаар шийдвэрлэсэн. Мөн 12 ширхэг унтуулгын буу авах, тусгай шүршлэг, амьдаар нь барих тор зэрэг хэрэгслээр хангахаар ярьсан.
Гэвч үүнээс хэдхэн долоо хоногийн дараа буюу аравдугаар сарын 8-ны шөнө Улаанбаатарын Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд баавгай айлын гэрт халдаж, нэг хүний аминд хүрч, нэг хүнийг хүнд гэмтээв. Цагдаагийн мэдээллээр энэ онд баавгай үзэгдсэн, хүн рүү дайрсан гэх 597 тохиолдол бүртгэгдсэн байна.
240 гаруй удаагийн дуудлага, 597 тохиолдол бүртгэгдсэний дараа, 1 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэгдсэн байхад яагаад урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалттай үр дүнд хүрсэнгүй вэ? Хүний амь нас эрсэдсэний дараа л асуудал бодитоор шийдэгдэх ёстой гэж үү?
Мөн сайдын “баавгайд алим, мандарин, самар, мах тавьж өгнө” гэж ярьсан нь ч олны анхаарлыг татсан. Гэтэл зэрлэг амьтныг хүний орчноос холдуулах, хүний хоол хүнс, хог хаягдалтай холбогдохоос сэргийлэх нь хүн баавгайн зөрчлийг бууруулах үндсэн арга гэж олон улсын туршлагад үздэг.
Бүр анхаарал татах нь, Монгол Улс хүрэн баавгайн тоо толгойг 1980-аад оноос хойш тоолоогүй гэдгийг салбарын сайд өөрөө хэлсэн. Өөрөөр хэлбэл бид хэдэн баавгайтайгаа ч мэдэхгүй, яагаад суурьшлын бүс рүү олноороо орж ирж байгааг бүрэн тогтоогоогүй атлаа асуудал хурцдахад мөнгө гаргаж, тоног төхөөрөмж авах шийдэл рүү оржээ.
Хүний амь нас хохирсон нь хамгийн том сэрэмжлүүлэг боллоо. Гэхдээ төрийн арга хэмжээ хүний амь эрсэдсэний дараа биш, түүнээс өмнө ажиллах ёстой. 1 тэрбум төгрөг зарцуулах эсэхээс илүүтэй, тэр мөнгөөр яг юу хийсэн, хэдэн тоног төхөөрөмж авсан, хаана байршуулсан, хэдэн дуудлагад ашигласан, яагаад энэ айлын орчимд өмнө нь илэрсэн эрсдэлийг таслан зогсоож чадаагүйг одоо тайлбарлах шаардлагатай байна.
П.Самдан
www.BOLOD.mn