Шатахууны үнэ 150 төгрөгөөр буурсан ч өргөн хэрэглээний барааны үнэ буцаж буурахгүй

Засгийн газар шатахууны үнийг бууруулах үүрэг өгсний дагуу энэ сарын 19-нөөс эхлэн 280 гаруй шатахуун түгээх станц үнээ шинэчилжээ. Энгийн АИ-92 бензинийг литр тутамд 150 төгрөгөөр, Евро-92 болон Евро-95 бензинийг 1,000 төгрөгөөр бууруулсан нь энэ оны шатахууны үнийн анхны бодит бууралт болов.
Шатахууны үнэ өсөх бүрд түүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг атлаа буурах үед барааны үнэ дагаж буурдаггүй. Өөрөөр хэлбэл, шатахууны үнийн өсөлтийн ачааг иргэд үүрдэг ч бууралтын үр өгөөжийг амьдрал дээрээ мэдэрч чаддаггүй. Аравдугаар сарын байдлаар инфляц 13.4 хувьд хүрсэн нь үнийн дарамт ямар түвшинд байгааг илтгэнэ.
Нөгөө талд Монгол Улс шатахууныхаа 97 хувийг импортоор хангадаг, нийлүүлэлтийн дийлэнх нь ОХУ-аас хамааралтай хэвээр. Энэ онд дөрөв, долоо, найм, аравдугаар саруудад шатахууны үнэ дараалан нэмэгдсэн нь Засгийн газрын үнийг тогтвортой барих бодлого хэр эмзэг байгааг харууллаа.
Салбарын сайд гадаад томилолт, нийлүүлэлтийн хэлэлцээрүүд амжилттай болж буйг мэдээлсээр ирсэн ч амжилтыг уулзалтын тоогоор бус, шатахууны тогтвортой хангамж, үнийн бодит өөрчлөлтөөр хэмжих ёстой. Өнөөдөр 150 төгрөгөөр бууруулсан үнэ маргааш дахин өсөхгүй гэх баталгаа алга.
Шатахууны үнийг түр бууруулсан болоод өнгөрөх бус харин импортын хамаарлыг багасгаж, улсын нөөцөө бүрдүүлэн, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалах тогтвортой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
П.Самдан
www.BOLOD.mn
www.BOLOD.mn