Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XVII хорооны нутаг дэвсгэрт байрлах XXI нийтийн худгаас авсан усанд мөнгөн ус илэрсэн хэрэг гарчээ. Тус худгаас гэр хорооллын 1000 гаруй өрх ундны усаа авдаг бөгөөд одоогоор хоёр айлын хэрэглэж байсан уснаас мөнгөн ус илрээд байна.

Тодруулбал, нэг айл хоол хийхээр тогоондоо ус хийх үед ёроолд нь мөнгөн ус тунасан байхыг анзаарч, энэ тухай цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тагнуулын ерөнхий газар болон Нийслэлийн Онцгой байдлын газар хамтран шалгалтын ажиллагаа явуулсан байна. Шалгалтын үеэр тухайн айлуудын савтай уснаас 5-8 грамм мөнгөн ус ялган авч, дээжийг Гамшиг судлалын хүрээлэнгийн Химийн лабораторид хүргүүлэн шинжилжээ. Мөнгөн ус илэрсэн хоёр айлд нийт 10 гаруй хүн амьдардаг бөгөөд тэдний дунд 6-7 сартай жирэмсэн хоёр эмэгтэй, нэг настай хүүхэд болон сургуулийн 5, 6, 9 дүгээр ангийн сурагчид байгаа юм. Жирэмсэн хоёр эмэгтэйг эмнэлэгт хэвтүүлж, хордлого тайлах эмчилгээ хийж байгаа аж.

XXI худаг нь Ус сувгийн удирдах газрын төвлөрсөн шугамд холбогдсон. Төвлөрсөн шугамаар нийлүүлэгдсэн усыг олон шат дамжлага бүхий шүүлтүүрээр цэвэршүүлэн хэрэглэгчдэд түгээдэг байна. Иймд худгийн уснаас мөнгөн ус илэрсэн гэх мэдээлэлд УСУГ-ынхан эргэлзэж байгаа бөгөөд бохирдол тухайн худгаас үүссэн байх боломжгүй гэж үзжээ. Одоогоор мөнгөн ус ундны усанд ямар замаар нэвтэрсэн, бохирдлын эх үүсвэр хаана байгааг холбогдох хууль хяналтын байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen