Хүүхдэд “ээлгүй” Монгол



Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан болон баярын дараах хэдхэн хоногийн хугацаанд Монгол Улсад хүүхэдтэй холбоотой эмгэнэлт хэргүүд шил шилээ даран гарлаа. Цооногт унаж, хогонд дарагдаж, тогонд цохиулж, зам тээврийн осолд өртөн амиа алдсан хүүхдүүдийн араас ар гэрийнхэн нь гашуудаж байна. Эдгээр нь санамсаргүй осол гэхээсээ илүү хяналтгүй орчин, хайхрамжгүй байдлын үр дагавар болохыг дараах баримтууд харуулж байна.
Баримт Нэг.
Хоёр мянга хорин зургааноны тавдугаар сарын арван найманд Баянгол дүүргийн арван тав дугаар хороонд байрлах нэгэн хоолны газрын засварын үеэр барилгын хана нурж, цагийн ажил хийж байсан арван таван настай хүү дарагдан амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хөдөлмөрийн тухай хуулиар насанд хүрээгүй хүүхдийг барилгын салбарт ажиллуулахыг хориглодог бөгөөд уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Баримт Хоёр.
Хоёр мянга хорин зургаан оны тавдугаар сарын хорин нэгэнд Дорнод аймагт арван таван настай хүү цооногт унасан гөлөг аврах гэж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Хонхны баяраа хүлээн догдолж байсан тэр хүү багаасаа амьтанд хайртай нэгэн байжээ. Гэвч тогтоол усны доор ямар аюул нуугдаж байгааг мэдээгүй учир гөлөг аврах гэж байгаад өөрөө эргэж ирсэнгүй.
Баримт Гурав.
Хоёр мянга хорин зургаан оны тавдугаар сарын хорин дөрвөнд Дорноговь аймгийн Өргөн суманд хогийн цэгийн шороо нурж, зургаадугаар ангийн арван гурван настай хүү дарагдан нас барлаа.
Хүүхэд тоглож байсан газраа амь насаа алдана гэдэг аюулгүй орчин бүрдээгүйн тод жишээ юм.
Баримт Дөрөв.
Хоёр мянга хорин зургаан оны тавдугаар сарын хорин найманд Төв аймгийн Заамар суманд уурхайн өрөмдлөгийн цооногт гурван настай охин унаж амиа алдсан хэрэг гарлаа.
Аврагчид жар гаруй цаг тасралтгүй ажиллаж, цооногийн хажууд гучин таван метр өргөн, далан метр урт шаталсан малталт хийсэн ч охины амийг аварч чадсангүй.
Хайгуулын ажлын дараа хамгаалалтгүй орхисон цооног бяцхан охины амийг авч одсон юм.
Баримт Тав.
Хоёр мянга хорин зургаан оны тавдугаар сарын гучин нэгэнд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд хоёр настай хүүхэд тогонд цохиулж нас барлаа.
Хүүхэд гэрийнхээ хашаанд тоглож байхдаа өндөр хүчдэлийн шонгийн шалбарч ил гарсан утсанд хүрсэн байна.
Эрсдэлийн талаар ярьж, төлөвлөгөө танилцуулж байсан байгууллагуудын нүдэн дээр ийм эмгэнэлт хэрэг гарсан нь хариуцлагын асуудлыг дахин сөхөхөд хүргэж байна.
Баримт Зургаа.
Хоёр мянга хорин зургаан оны зургаадугаар сарын нэгэнд Төв аймагт хоёр настай эрэгтэй хүүхэд цементэн хашаанд даруулж нас барлаа.
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах ёстой орчин өөрөө үхлийн занга болж хувирсан нь энэ.
Баримт Долоо.
Хоёр мянга хорин зургаан оны зургаадугаар сарын эхээр Дорнод аймагт гучин таван настай эмэгтэй болон түүний хоёр хүүхэд гэртээ угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа.
Зөвхөн гадна орчны эрсдэл ч биш, гэр орон хүртэл хүүхдэд аюулгүй байж чадсангүй. Нэгэн эх хоёр хүүхдийн хамт амиа алдсан энэ хэрэг хүүхдийн аюулгүй байдал зөвхөн тоглоомын талбай, зам талбайгаар хязгаарлагдахгүй, амьдрах орчин бүхэлдээ эрсдэлгүй байх ёстойг сануулсан эмгэнэлт тохиолдол болов.
Баримт Найм.
Дархан-Уул аймагт арван таван настай таван өсвөр насны хүүхэд гэр бүлийнхээ автомашиныг зөвшөөрөлгүй авч явснаас ноцтой осол гарч, хоёр хүүхэд амиа алдаж, гурав нь эмнэлгийн тусламж авчээ.
Баримт Ес.
Мөн Баян-Өлгий аймгийн Толбо суманд автомашин онхолдож, арван долоон настай охин нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.
Монгол Улс олон жил "хүүхдэд ээлтэй орчин" гэж ярьсан ч бодит байдал дээр хүүхдүүд алхам тутамдаа эрсдэлтэй нүүр тулсаар байна. Ил задгай цооног, хамгаалалтгүй байгууламж, ил цахилгаан шугам, хяналтгүй зам хөдөлгөөн зэрэг нь хүүхдийн амь насанд заналхийлсээр байгаа нь дээрх хэргүүдээс тодорхой харагдана. Хүүхдийн аюулгүй байдал зөвхөн уриа, баярын арга хэмжээгээр хэмжигдэхгүй. Дараагийн бяцхан амь эрсдэхээс өмнө бодит хяналт, хариуцлага, өөрчлөлт хэрэгтэй байна.

Б.Зул
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen