Үр дүн нь тодорхойгүй “Go Mongolia”

Монгол Улс аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох зорилт тавьж, сүүлийн жилүүдэд “Go Mongolia” брэндийг олон улсад сурталчлахад багагүй хөрөнгө зарцуулсан. Үүний хамгийн том жишээ нь Английн Премьер лигийн “Фулхем” клубтэй байгуулсан 1.3 сая фунт стерлинг буюу тухайн үеийн ханшаар 5.8 тэрбум төгрөгийн гэрээ юм.
Зорилго нь ойлгомжтой. Монгол Улсыг дэлхийд таниулах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх. Харин өнөөдөр хариулт нэхэж буй гол асуулт нь энэ сурталчилгаа бодит үр дүн авчирсан уу гэдэг асуудал болоод байна.
Учир нь гэрээний төлбөрүүд хугацаандаа шилжээгүй, улмаар талуудын хооронд маргаан үүссэн талаар албан мэдээллүүд гарсан. Мөн сурталчилгааны ажлын үр нөлөөг хэмжсэн судалгаа, тайлан олон нийтэд тодорхой танилцуулагдсангүй.
Нөгөө талд Монгол Улс өнгөрсөн онд 846 мянга гаруй жуулчин хүлээн авч, түүхэн дээд үзүүлэлтдээ хүрсэн. Энэ бол аялал жуулчлалын салбарын хувьд эерэг үзүүлэлт мөн. Гэвч өсөлтийн шалтгааныг зөвхөн “Go Mongolia” хөтөлбөртэй холбож тайлбарлахад учир дутагдалтай.
Өнөөдөр Монголд ирж буй жуулчдын дийлэнх нь ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг уламжлалт зах зээлээс бүрдэж байна. Харин “Go Mongolia” сурталчилгааны гол бай болсон Их Британи болон Европын зах зээлээс ирсэн жуулчдын өсөлтөд ямар нөлөө үзүүлсэн талаар тодорхой тоон мэдээлэл хараахан алга.
Аливаа улсын брэнд сурталчилгаа зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ сурталчилгаа өөрөө зорилго биш, үр дүн нь зорилго байдаг. Тиймээс хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэх төсөл хэрэгжүүлсэн бол түүнийгээ хэдэн хүнд хүрсэн, хэдэн жуулчин татсан, эдийн засагт ямар өгөөж өгсөн гэдгийг ил тод тайлагнах шаардлагатай.
“Go Mongolia” амжилттай болсон уу, үгүй юу гэдгийг уриа лоозон бус тоо баримт л харуулах ёстой. Өнөөдрийн байдлаар сурталчилгаа хийгдсэн нь тодорхой боловч үр дүн нь хангалттай хэмжээнд тайлагдаагүй хэвээр байна.
П.Самдан
www.BOLOD.mn
www.BOLOD.mn