Даргын хүүхэд гэх шинэ давхарга


Монголын нийгэмд хамгийн ихээр мэдрэгдэх болсон бухимдлын нэг нь улс төрчид, эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүдтэй холбоотой асуудлууд. Энэ нь зүгээр нэг баян айлын хүүхдүүдийг шүүмжилж буй хэрэг биш. Харин хууль, боломж, хариуцлага хүн бүрт ижил үйлчилдэг гэх итгэл аажмаар суларч буйн илрэл.

Сошиал орчинд тансаг машин, үнэтэй брэнд, гадаад дахь өндөр хэрэглээгээ харуулах улс төрчдийн хүүхдүүдийн зураг, бичлэгүүд тогтмол шүүмжлэл дагуулдаг. Учир нь нөгөө талд нь байрны зээл, түрээс, хэрэглээний мөнгөтэйгээ тэмцэж буй залуус бий. Амьдралын энэ ялгаа өөрөө асуудал биш ч, тэр хөрөнгө хаанаас бий болсон бэ гэх асуулт хүмүүсийн дунд яригддаг.

Үүн дээр нэмээд эрх мэдэлтэй айлын хүүхдүүдтэй холбоотой хэрэг, маргаанууд олон нийтийн анхааралд орж ирэх бүрд энгийн айлын хүүхэд байсан бол аль хэдийн ял авчихсан гэх сэтгэгдэл дагалддаг болсон. Хууль тэгш үйлчилдэг гэх итгэл суларч, мөнгө болон нөлөө зарим хүнд хамгаалалт болдог гэх хардлага улам л нэмэгдсээр.

Мөн Нөгөө талаар улс төр өөрөө үе дамжсан бүтэц рүү аажмаар шилжиж байна уу гэлтэй. Өмнөх үеийн улстөрчдийн хүүхдүүд төр, бизнес, том албан тушаалын орчинд хүчтэй орж ирж байгаа нь боломжоороо биш овгоороо урагшилдаг нийгмийг бий болгож байна.

Мэдээж улс төрчийн хүүхэд байна гэдэг өөрөө буруу биш. Хүн бүр эцэг эхээ сонгож төрдөггүй. Харин нийгмийн бухимдлыг төрүүлж буй гол зүйл нь эд хөрөнгө нь бус, бусдаас давуу байдал бий болгож, тэрхүү давуу боломжийг энгийн зүйл мэт үзэн, энгийн амьдралаас тасарсан мэт авирлах хандлага юм.

Эцэст нь хүмүүс баян хүнийг үзэн ядаад байгаа юм биш. Харин хууль нь нэгэнд хатуу, нөгөөд нь зөөлөн үйлчилдэг нийгэмд бухимдаж байна. Өнөөдөр “даргын хүүхэд” гэх үг зүгээр нэг хоч биш, харин мөнгө, нөлөө байхад хариуцлагаас мултарч болдог гэх ойлголтын бэлгэдэл болчихоод байна.





Б.Зул
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen