Монголын хууль “мөнгөтэй” хүнд үйлчилдэггүй

2026 оны хоёрдугаар сарын 14-ний шөнө нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Канте” гэх шөнийн цэнгээний газарт зодооны хэрэг гарч, уран бүтээлч Буманд гэмтэл учирсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан.
Угг хэрэгт “Таван Богд” группийн захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" компанийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан болон түүний хамт явсан хүмүүсийн нэр холбогдоод байгаа юм.
Одоогоор цагдаагийн байгууллагаас албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл гаргаагүй байгаа ч Б.Амарсайханы өмгөөлөгч түүнийг тухайн хэрэгт оролцоогүй гэж үгүйсгэсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн. Харин хохирогч Бумангийн аав Сумбанд хүүгийнхээ зодуулсан зургийг өөрийн цахим хуудастаа нийтлэж,
“2026.02.14-нд миний хүү Б.Амарсайханы өдөөн турхирсан бүлэг залууст зодуулсан нь үнэн. Хүлээцтэй хараад байтал хохироод үлдэх шинжтэй боллоо” хэмээн бичжээ.
Бид хохирогчийн аавтай холбогдож дараах тодруулгыг авсан юм: Voice
Б.Амарсайхан нь 2025 оны долдугаар сард өөрийн найз П.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарын хамт "Канте" нэртэй шөнийн цэнгээний газар хүний биед халдсан хэрэгт холбогдсон бөгөөд хэрэг шалгагдаж байх хугацаанд гадаад улс руу гарч зугтсаны улмаас эрэн сурвалжлагдаж байсан. Удалгүй шүүхэд дуудагдан ирж, "Бүлэглэн хүний биед хүнд гэмтэл учруулсан хэргээр шүүгдэж, шүүхээс тэднийг "бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан" гэж үзэн Б.Амарсайханд 8 сарын хугацаатай зорчих эрх хязгаарлах ял шийтгэл оногдуулсан. Үүнийг монголын ард түмэн "Баян айлын хүүхдүүдэд хууль үйлчилдэггүй хэрэг үү" хэмээн ноцтой шүүмжилж, эсэргүүцэх иргэдийн шүлс ч хатаж амжаагүй байхад ийнхүү хэдхэн хоногийн дараа дахин зодооны хэрэгт холбогдлоо. Тэр ч байтугай зорчих эрх хязгаарласан бүс болох Хан-Уул дүүргээс гарч Сүхбаатар дүүрэгт ийнхүү хэрэгт холбогдсон нь ёстой л баячуудын хүүхдүүд хуулийг уландаа гишгиж байгаагийн тод жишээ юм.
Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар тэнсэн харгалзах хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл өмнөх зорчих эрх хязгаарлах ялыг хүчингүй болгож, бодит хорих ял болгон өөрчлөх боломжтой байдаг.
Энэ талаар Хуульч өмгөөлөгчөөс тодруулсан яриаг хүргэе. Voice
Үүнээс гадна бас нэг ноцтой асуудал нь зорчих эрхийн хязгаарлалттай, цахим гавтай этгээд яаж хязгаарлалттай бүсээс гарч, өөр дүүрэгт байрлах шөнийн клубт орж зодоон өдөөв гэдэг асуулт юм. Хэрэв шүүхээс хязгаарлалт тогтоосон бол тэрийг хэн, хэрхэн хянаж байсан бэ? Тэр үнэхээр цахим гав зүүсэн байсан уу, зүүсэн бол төхөөрөмж нь ажиллаж байсан уу, эсвэл зүгээр л цаасан дээрх ял байсан уу? Хэрэв хяналт бодитоор хэрэгждэг байсан бол хязгаарлалттай этгээд дураараа шилжин хөдөлж, дахин хохирол учруулах нөхцөл бүрдэх ёсгүй. Иймээс энэ хэрэг ганц хүний асуудал биш, хяналтын тогтолцоо, хариуцлагын механизм үнэхээр ажилладаг эсэхийг шалгах ноцтой дохио болж байна. Бид уг асуудлаар цахим гавны хяналтыг хариуцдаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодруулга авсан юм. Voice
Энэ хэрэг нь зөвхөн нэг зодооны асуудлаар хязгаарлагдахгүй, нийгмийн шударга ёсны бодит шалгуурыг дахин хөндөж байна. Нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд хуулиас дээгүүр оршдог уу, шүүхийн шийдвэр бодит амьдрал дээр хэрэгждэг үү, тэнсэн харгалзах ял шийтгэлийн хяналтын тогтолцоо үнэхээр үр дүнтэй ажиллаж чадаж байна уу гэдэг асуултууд эндээс урган гарч байна. Хэрэв энэ асуудлыг дахин нам дарж өнгөрүүлбэл хууль хүн бүрт тэгш үйлчилдэг гэсэн нийгмийн итгэл нэг алхмаар дахин ухрах нь тодорхой. Шударга ёс гэдэг зөвхөн хуульд бичигдсэн заалт бус, харин бодит амьдрал дээр ил тод, тэгш хэрэгжиж байх ёстой үнэ цэнэ юм.
Б.Зул
www.BOLOD.mn
www.BOLOD.mn