Имарт хүрээгээ тэлэх тусам Монголын хэрэглээний мөнгө гадагшаа урсаж байна

Сүүлийн жилүүдэд Монголын жижиглэн худалдааны зах зээлд хамгийн хурдтай тэлж буй гадаад сүлжээний нэг нь Имарт юм. Тус брэнд нь анх хоёр мянга арван зургаан онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт анхны салбараа нээснээр Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрч, Бүгд найрамдах Солонгос улсын Shinsegae E-Mart брэндийн франчайз загвараар, дотооддоо “Алтай холдинг”-ийн хөрөнгө оруулалт, менежментийн бүтцээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэж үздэг. Өнөөдрийн байдлаар Имарт нь Улаанбаатар хотын хэд хэдэн дүүрэгт томоохон 4 hypermarket, хотын баруун зүүн хоёр талд байрлах орон нутгийн автобусын зогсоол болох Драгон терминал болон Драгон тэнгэр терминалд дэлгүүрээ байршуулан ажиллаж байна.
Сүүлийн үед Уранган худалдааны төвийн байранд Имарт шинэ салбар нээхээр урт хугацааны түрээсийн хэлцэл судалж байгаа гэх мэдээлэл яригдаж байгаа нь тус сүлжээний тэлэлтийн стратеги үргэлжилж байгааг илтгэнэ. Ийнхүү өргөтгөл тасралтгүй үргэлжилж буй нь нэг талаас хэрэглэгчдэд хүртээмж, үйлчилгээний стандарт нэмэгдэж буй эерэг өөрчлөлт мэт харагдавч, нөгөө талаас зах зээлийн бүтцийн өөрчлөлтийг дагуулж буйг үл тоомсорлох боломжгүй юм.
Энэ процессыг зөвхөн шинэ дэлгүүр, үйлчилгээний өрсөлдөөн гэж үзэх нь хангалтгүй. Илүү өргөн хүрээнд авч үзвэл энэ нь Монголын өрхүүдийн хэрэглээний зардал, мөнгөн урсгал хаашаа чиглэж, хэнд төвлөрч буйг илэрхийлэх макро эдийн засгийн асуудал болж байна. Эдийн засгийн онолын хэллэгээр энэ нь “economic leakage” буюу дотоодод бий болсон орлогын тодорхой хэсэг гадагш чиглэх үзэгдэлтэй холбогдоно.
Гадаад сүлжээний бизнесийн загварын хувьд ашиг, франчайз төлбөр, импортын нийлүүлэлтийн сүлжээ зэрэг олон сувгаар орлогын тодорхой хэсэг гадагш урсах хандлагатай. Харин дотоодын бизнесийн орлого харьцангуйгаар үндэсний эдийн засгийн эргэлтэд үлдэж, ажил эрхлэлт, дахин хөрөнгө оруулалт, ханган нийлүүлэлтийн дотоод сүлжээг тэлэх замаар илүү өргөн эдийн засгийн үр нөлөө бий болгох боломжтой.
Ийм нөхцөлд дотоодын жижиг, дунд сүлжээ дэлгүүрүүдийн өрсөлдөх чадварын тэнцвэр алдагдах эрсдэл нэмэгдэж байна. Хөрөнгө оруулалт, логистик, нийлүүлэлтийн сүлжээ, брэндийн танигдсан байдал зэрэг хүчин зүйлсийн зөрүү тэлэх тусам зах зээлийн “жам ёсны” өрсөлдөөнөөс илүүтэй бүтцийн ялгаанд суурилсан шахалт бий болох хандлага ажиглагдаж байна.
Нөгөө талаас, Sky Hypermarket ХХК буюу Имарт сүлжээний Монгол дахь үйл ажиллагааны удирдлагын түвшинд Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Баттүшигийн нэр холбогддог нь олон нийтийн анхаарлын төвд байдаг сэдвүүдийн нэг хэвээр байна. Тэрээр Монголын Үндэсний Олимпын Хорооны даргаар ажилладаг, мөн улс төр болон бизнесийн өндөр нөлөө бүхий хүрээлэлтэй холбоотой гэдгээрээ танигдсан хүн юм.
йм төрлийн давхар статустай, нөлөө бүхий хүрээлэлтэй хүмүүс томоохон бизнесийн стратегийн түвшинд оролцох нь ашиг сонирхлын огтлолцол, нөлөөллийн төвлөрлийн талаар олон нийтийн асуулт, хардлага төрүүлэх үндэслэл болдог. Хэдийгээр энэ нь хууль эрх зүйн хүрээнд зохицуулагддаг байж болох ч өрсөлдөөний тэгш байдал, бизнесийн ил тод байдалд итгэлцэлд нөлөөлөх эрсдэлтэй.
Ингэснээр зах зээлийн хөгжил нь зөвхөн чөлөөт өрсөлдөөнөөр бус, эдийн засаг, улс төр, нөлөөллийн сүлжээний огтлолцол дунд бүрэлдэж буй дүр зураг тодорч байна.
Энэ утгаараа Имартын тэлэлт нь зөвхөн худалдааны салбарын өргөтгөл бус, Монголын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, төвлөрлийн асуудлыг давхар хөндөж буй томоохон жишээ болж байна.
www.BOLOD.mn