У.Хүрэлсүх: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг заавал батлах ёстой, баталтал нь өргөн барина


Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордны Их танхимд болж байна. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэллээ.

Энэ үеэрээ тэрээр: "Монголын төр хүчирхэг байх ёстой. Монголын төр хүчирхэг байхын тулд сахилга, хариуцлагатай байх ёстой. Төрийн хүчин чадал Улсын Их Хурлаасаа эхлэх учиртай. УИХ-ын гишүүд ёс зүйтэй, хариуцлагатай, эрхэм хүндэт хүмүүс байх ёстой. Манай улсын сор болсон аавын хөвгүүд, ээжийн охид төрийн ордонд сууж, төрийн үйл хэргийг хэрэгжүүлэх учиртай. Түүнээс биш хулгайч, дээрэмчид, хуралдаа ажилдаа ирдэггүй, үүрээ засаж “өндөглөдөг” газар байж болохгүй.
Ард түмэн маань үүнийг хүсэж, шаардаж, шахаж байгааг та бүхэн мэдэрч байгаа байх. Ийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие хариуцлага алдсан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах тухай хуулийг өргөн барьсан. Энэ хуулийг дэмжиж буй болон эсэргүүцэж буй гишүүд гараа өргөнө үү. Харамсалтай нь цөөн хэдхэн хүн л гараа өргөж байна.

УИХ-ын 126 гишүүн бүгд хулгайч, дээрэмчид биш. Энд эх орноо гэсэн сэтгэлтэй, хариуцлагатай, тангарагтаа үнэнч гишүүд олон бий. Гэвч мөн хариуцлагагүй, итгэл алдсан хүмүүс ч байгаа. Тиймээс бид ийм хүмүүсээс хурдан салах ёстой. Монголын парламент өндөр нэр хүндтэй, дархлаатай байх учиртай.

Төрийн тэргүүн би түүхэн уламжлал, төрт ёсоо бодож, Монголын төрийн босго өндөр, дархлаа бат бөх байгаасай гэж ард түмнийхээ захиалгаар энэ хуулийг өргөн барьж байна. Үүнийг эсэргүүцэж буй хүмүүс ч бий. Гэхдээ бид хариуцлагын тухай ярьж байна. Монгол Улсад эцэг, эх байх эрхийг хүртэл хасдаг хууль байдаг байхад УИХ-ын гишүүн байж хуралдаа ирдэггүй, үүргээ биелүүлдэггүй хүмүүст хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг.
Би энэ байр сууринаасаа ухрахгүй. Энэ бол надаас гарч буй зориг, шийдвэр юм. Төрийн тэргүүний хүч чадал ард түмний дэмжлэг дээр оршдог. Өнөөдөр Монголд хэн ч хаан биш. Бид ёс зүй, сахилга, хариуцлагын тухай ярьж байна.

Миний төрийн тэргүүн байх хугацаа удахгүй дуусна. Би дахин нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Харин энэ хугацаандаа Монголын төрийг цэвэрлэж, цэгцлэх чин хүсэл, зориг надад бий. Энэ нь миний гаргаж буй шийдвэрүүдийн илэрхийлэл юм.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаа өргөжин тэлж, нэр хүнд дэлхийд өсөж байна. Олон улсын төрийн тэргүүнүүд манай улсад айлчилж, улс орон маань хөгжиж дэвшиж байна. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд бид олон сайхан ажлыг хийсэн, алдаа оноо ч байсан. Гэвч хулгай, дээрэм, хариуцлагагүй байдлаас болж алдсан зүйл ч их бий.
Үүнийг засахын тулд энэ хуулийг өргөн барьж байна. Төрийн тэргүүн өөрөө сахилга, хариуцлагатай байх ёстой. Бид дээрээсээ цэвэрших шаардлагатай. Би баруун аймгууд болон Налайх дүүргээр ажиллахдаа ард түмэн энэ хуулийг маш их дэмжиж байгааг харсан.

Ард түмний хүсэж, шаардаж буй зүйлийг бид хийх ёстой. Хариуцлага алдсан гишүүдийг эргүүлэн татах хуультай болъё гэж ард түмэн шахаж байхад яагаад эсэргүүцээд байна вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч 3.5 сая иргэнийг төлөөлөн ярих эрхтэй. Харин УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэдийг төлөөлдөг. Ард түмний хүсэлтийг хууль болгон өргөн барьсан энэ асуудлыг хэлэлцэж, батлах ёстой." гэв.скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen